Энэ онд услалтын системийг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-01-12 17:37:50

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд инженерийн хийцтэй 13 услалтын систем байна. Тиймээс энэ онд ашиглагдахгүй байгаа услалтын системийг сэргээн засварлах ажлыг хийнэ гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Энэ онд аймгийн хэмжээнд усалгаатай тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллана. Өнөөдрийн байдлаар нийт 911.5 га-д усалгаатай төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тэжээлийн ургамлын тариалан эрхэлж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 191.5 га-гаар нэмэгдсэн байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих “Хүнсний ногоо үйлдвэрлэл ба усалгаатай тариалан” хөгжүүлэх төслийн хүрээнд Улиастай сумын “Ногоон хашаа”, Тэлмэн сумын “Хүрэн тал”-ын услалтын системийг 2022-2023 онд сэргээн засварлаж ашиглалтад бүрэн оруулна. Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Улиастай, Алдархаан сумын аж ахуйн нэгж, өрхийн тариалан эрхлэгч нарын тариалалт, ургац хураалтад техникийн үйлчилгээг үзүүлсэн. “Техник дундын төв”-ийн гурван тракторыг хуваарь гарган, хөрс боловсруулах, тариалалт, ургац хураалтын ажлын үед хөнгөлөлттэй үнээр үйлчилгээг үзүүлсний дүнд тариалалт сайн, ургац чамгүй авлаа.

Хүлэмжийн тариалан эрхлэгчдээ дэмжсэн нь үр дүнгээ өгөв

Завханы төв Улиастай суманд 120 м2 хүлэмж шинээр ашиглалтад орсон байна.

Тус аймагт өнгөрсөн онд хүлэмжийн тариаланг 61 өрх, нэг аж ахуйн нэгж нийт 4872 м2 талбайд эрхэлж 20.1 тонн ургац хураан авсан. Мөн хүлэмжийн тариалан эрхлэгчдийг аймгаас бодлогоор дэмжиж хамтран ажилласан нь ч үр дүнтэй байв. Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд хүнсний нарийн ногооны үнэ харьцангуй тогтвортой байсан. Мөн Улаанбаатар хот, хөрш Ховд аймгаас татдаг байсан улаан лооль, өргөст хэмх, цэцэгт байцаа, юуцай, гүзээлзгэнэ, помидор гэхчлэн хүлэмжид тарьж ургуулдаг нарийн ногооны нөөц хангалттай, үнэ тогтвортой байсан. Аймгаас бодлогоор хамгаалагдсан хөрсний аж ахуйг дэмжих зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2.1 сая төгрөгийн 20х6 хүлэмжийн 10 ширхэг нийлэг хальсан хучлага гэрээ байгуулан авч Улиастай, Тэлмэн, Тосонцэнгэл сумын хүлэмжийн тариалан эрхэлж байгаа 13 өрхөд нийлүүлсэн. Ингэснээр өнгөрсөн онд 1200 м2 хүлэмжид тариалалт хийх боломжтой болсон гэв.

Хүнсний ногооны үрийн захиалгыг ирэх сараас авч эхэлнэ

Завхан аймаг хүн амын хэрэгцээт төмсний 60 хувь, хүнсний ногооны 40 хувийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангах зорилтоо энэ онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 

Төмсний тариаланд үрийн шинэчлэл хийх зорилгоор "Элит үр" ХХК-аас 5.0 тонн Гала сортын үрийн төмсийг худалдан авч Улиастай сумын 13 тариаланчид төмсний үрийг гэрээгээр олгожээ. Мөн Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас 80 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн 9 нэр төрлийн 77.6 кг хүнсний ногооны үр, 1500 кг төл сонгинын үрийг захиалгын дагуу тариаланчдад олгожээ. Түүнчлэн 160 кг саримсны үрийг 9 сумын 155 өрхөд нийлүүлсэн. Хүнсний ногооны үрийн захиалгын дагуу тариаланчдад хөнгөлөлттэй үнээр олгосноор тариалалт жил бүр нэмэгдэж, ургац хураалт сайн байгаа. Түүнчлэн шинээр газар тариалангийн салбарт ажлын байр нэмэх, өрхийн орлогоо нэмэх иргэдийн тоо жил бүр нэмэгдэж буй нь сайшаалтай. Энэ онд тариалалт хийх үрийн захиалгыг ирэх сараас хүлээн авна гэж аймгийн ХХААГ-аас нэмж мэдээлэв..

Ташрамд тус аймаг 2021 онд үр тариа 2232.5 га үүнээс улаан буудай 2100 га, овьёос 132.5 га, малын тэжээл 4940.9 га, төмс 211 га, хүнсний ногоо 156.9 га-д тариалалт хийсэн нь өмнөх оноос нэмэгдсэн байна. 

Холбоотой мэдээ