Ж.Гончигсүрэн: Залууст амгалан, нялхас болон өвгөдөд ширүүн жил болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
boloroo8136@gmail.com
2022-01-17 08:29:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн ирэх сарын 2-ны өдөр тохионо. XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн өнгө ямар байх талаар монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнгээс тодрууллаа.

 

-Ирж буй жилийн өнгийг монгол зурхайд шороон үхрээр шинждэг ёстой. Энэ жилийн шороон үхрийн зураг ямар байна вэ?

 

-Жил жилийн зурхайд тухайн жилийн ерөнхий шинж ямар байх тухай хаврын урь орсон өдрийн махбодыг тооцон гаргадаг. Энэ жил XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жил гарна. Ирэх бар жилийг шороон үхрийн шинжээр авч үзвэл, хөх толгойтой, хөх ногт бурантагтай, цагаан ходоодтой, улаан омруу, хөх шийртэй, эвэр, чих, сүүл нь шар, ногоон зүсмийн үхэр амаа ангайж сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай дүрслэгдсэн. “Үхэрчин” нь хөх царайтай, шар дээлэн дээр ногоон бүс бүсэлсэн. Малгайныхаа баруун чихийг буулгаж, зүүнээ дээш сойсон, нэг гэзгээ зүүн чихнийхээ араар, нөгөөгөө баруун чихнийхээ урдуур унжуулсан, өвсөн сологтой бургасан шар шилбүүр барьсан, чадархаг идэр залуу, үхрийнхээ баруун талд нь хөл нүцгэн, алгуур тайван алхаж явна.

 

-Үхрийн шинжийг тайлбал, энэ жил ер нь хэр ерөөлтэй сайхан жил байх нь вэ?

 

-“Шороон үхэр”-ийн шинжээр жилийн ерөнхий байцыг дүгнэвэл, салхи ихтэй, навч цэцэг дэлгэрэн хий өвчин тархана. Хавар болон улирлуудын эхээр хуртай. Улс орны ерөнхий нуруу сайн. Жилийн эхээр гандуу боловч жилийн дундуур хур бороо ихтэй. Залууст амгалан, нялхас болон өвгөдөд ширүүн жил болно. “Жаран жил”-ийн үрийн зурхайд “Сайжруулагч” хэмээх бар жилд алт, мөнгө элбэг, хүмүүн жаргалтай хэмээн буусан. Төвөдөөр “гижид” буюу буян үйлдэгч гэсэн утгатай. Хүнээс өөрөөс нь шалтгаална. Хүн бүр буян хийгээд муу муухай зүйлийг тэвчвэл энэ жил сайхан жил гарна.  

 

-Шинийн нэгэн тухайн жилийн  эхлэл учир ямар өдөр тохиож байгаагаар монголчууд бэлгэшээдэг. Энэ жилийн шинийн  нэгэн ямар өдөр тохиож  байгаа вэ?

 

-Энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн, лхагва гараг, улаан нохой өдөр тохиож байна. Зургаан цагаан мэнгэтэй, рашааны шүтэн барилдлагатай сайхан өдөр тохионо.

 

-Ирж буй бар жилд ямар жилтэй хүмүүс онцгой анхаарвал зохилтой вэ?

 

-Мэнгэ голлох гэж ойлголт байдаг. 25, 37, 49, 61, 73 насанд жил орж, мэнгэ голлодог. Мэнгэ голлосон жилтэй улсууд засал ном хийлгэнэ. Мөн нашидүрсүмийн гурван засал хийлгэнэ.

 

-Шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх ёстой гэдэг. Заавал энэ хугацаанд багтаж заслаа хийлгэх ёстой юу?

 

-Жил гарч байгаатай холбоотой хүн бүрийн төрсөн гараг, өдөр, жил, сараар зурхайн зурлагууд өөр өөр гардаг. Гарч байгаа жил нь хүний амьдрал, амь нас, эрүүл мэнд, эд агуурс, хийморь лундаа, ажил үйлс, нас буянд нөлөөлөх нь бий. Тиймээс сайн талаа бид арвижуулж, сөрөг талаа сайн сайхан байлгахын тухайд жилийн засал хийлгэдэг. Шинийн нэгнээс 15-ны хооронд ерөөл хурдаг. Ерөөлд амьтан бүгдийн амгалан байх, урт удаан наслах, өвчин зовлонгүй байх, эв эетэй байхын тухайд айлддаг. Тиймээс хүмүүс эдгээр өдрүүдэд бие, хэл, сэтгэлээрээ ном хуруулбал өөрт нь тустай.

 

-Монголын нийгмийн байдал ямар байх бол?

 

-Дэлхий даяар цар тахал гээд нэлээн хүнд үеийг туулж байна. Нийтээрээ сэрэмжтэй байх хэрэгтэй. Хүн бүр өөрөө өөрийгөө хамгаалж, бусдад хорлол үзүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Олон хүнтэй газраар явж болохгүй, айл хэсэж болохгүй гэж байна, түүнийг дагах хэрэгтэй. Өвчин зовлон хэлж ирэхгүй, хийсэж ирдэг. Тиймээс болгоомж, сэрэмжтэй, хянуур байхыг байгаль дэлхий шаардаж байна.

 

 -Удахгүй шинэ сар гарах нь. Сүсэгтэн олондоо хандан юу хэлэх вэ?

 

-Уламжлалт зан заншлаа хойч үедээ үлдээх нь бидний үүрэг болж байна. Сар шинэдээ монгол түмэн маань сайхан шинэлж, эрүүл энх, урт удаан насалж, эв түнжинтэй байж, санасан хэрэг ёсчлон бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.


Холбоотой мэдээ