Нүүрс, төмрийн баяжмалын экспорт багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-05 12:03:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮЯ-ны мэдээлснээр өнгөрсөн онд 21.302.9 мян.тн нүүрс олборлолоо.

2021 оны эхнээс 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 15,941.7 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 44.3 хувиар багассан үзүүлэлт аж.


Дээрх хугацаанд 1,238.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 11 хувиар, мөн төмрийн хүдрийн баяжмал 6,891.6 мян.тн-ыг экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 15 хувиар багасжээ. Гэсэн ч зэсийн баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байсан учир өнгөрсөн оны төлөвлөгөө 111 хувийн гүйцэтгэлтэй буюу давж биелсэн байна.


Өнгөрсөн  оны 12 дугаар сарын 24-30-нд авто замаар 665, төмөр замаар 800 чингэлэг нийт 135.6 мян.тн нүүрс,  авто замаар 144 чингэлэг зэсийн баяжмал, төмөр замаар 8 чингэлэг буюу 0.9 мян.тн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ.

Манай улсын экспортын гол түүхий эдүүдийн гарц буурсан нь коронавируст халдварын тархалтын улмаас БНХАУ хилээ хаасантай холбоотой юм.  


Харин Төв банк 2021 оны эхнээс өнгөрсөн сарын 30-ны байдлаар 20.60 тн алт худалдан авсан нь 2020 оны мөн үеийнхээс 12.5 хувиар багассан ч 2021 оны төсвийн тодотголоор баталсан төлөвлөгөөнд хүрч, гүйцэтгэл 103 хувиар биелжээ.

Түүнчлэн, 2021 онд 4,666.5 мян.бар газрын тос олборлож, 4,090.4 мян.бар-ыг экспортолсон аж. 

Холбоотой мэдээ