Рио-де-Жанейрод терроризмтой тэмцэх сургуулилт хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-07-17 10:17:59

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /АР/. Зуны Олимпын наадам эхлэхэд ердөө 20 хоног үлдээд байгаатай холбогдуулан Бразилын холбогдох албаны хүмүүс Рио-де-Жанейро хотод терроризмтой тэмцэх сургуулилт хийлээ.

Сургуулилтыг Олимпын 9 цэнгэлдэх хүрээлэн байдаг Деодоро дүүргийн галт тэрэгний буудалд өчигдөр хийжээ.

Цагдаа, цэрэг болон тагнуулын байгууллагын 800 орчим алба хаагч сургуулилтад оролцсон байна.

Террорист бүлэглэлийнхэн галт тэрэгний нэг вагоныг булаан авсан гэсэн зохиомжид тулгуурлан сургуулилтыг хийсэн аж.

Хэрэг гарснаас нэг цаг орчмын дараа тусгай хүчнийхэн вагон руу дайран орж, гэмт этгээдүүдийг баривчилсан байна.

Францын Ницца хотод олон хүний аминд хүрсэн халдлага болсны дараа Бразилын Засгийн газар “Олимпын аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлнэ” гэж мэдэгдэж байсан юм.

Цалинг нь хугацаандаа тавиагүйн улмаас Рио-де-Жанейрогийн цагдаа нар ажил хаяж байсан билээ. Үүний улмаас Олимпын аюулгүй байдлын асуудалд хүмүүс түгших болсон юм.

Харин Рио-де-Жанейро мужийн захиргаа “Бразилын төв засгийн газрын дэмжлэгтэйгээр тавиагүй бүх цалинг өгсөн” гэлээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ