БНХАУ стратегийн тогтвортой байдлын талаар хэлэлцээ хийхэд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-21 13:49:28

БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ цөмийн зэвсэгтэй таван улсын яриа хэлэлцээ, Зэвсэг хураах асуудлаарх Женевийн бага хурлын хүрээнд стратегийн тогтвортой байдалтай холбоотой өргөн хүрээний асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдэгджээ.


“Хятад улс дэлхий нийтийн аюулгүй байдлын тогтвортой үзэл баримтлалыг баримталдаг бөгөөд ямагт дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч нь байж, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулж, олон улсын дэг журмыг сахин хамгаалсаар ирсэн” гэж ОХУ-аас АНУ, НАТО-д санал болгосонтой адил Хятад улс АНУ-тай гэрээ байгуулах шаардлагатай юу гэсэн асуултад тус яам мэдэгдсэн байна.


Мөн "БНХАУ дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад зохих хувь нэмрээ оруулахын тулд цөмийн зэвсэгтэй таван улсын яриа хэлэлцээ болон Зэвсэг хураах Женевийн бага хурлын хүрээнд стратегийн тогтвортой байдалтай холбоотой өргөн хүрээний асуудлаар бүх талтай гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэхэд бэлэн байна" гэж Гадаад хэргийн яам онцлон тэмдэглэжээ.


ОХУ-ын Гадаад хэргийн яам аюулгүй байдлын баталгааны тухай ОХУ, АНУ, НАТО хоорондын хэлэлцээний төслийг 12 дугаар сарын 17-нд нийтэлжээ. Уг баримт бичгийг Вашингтон болон түүний холбоотнуудад хэдийнээ хүлээлгэн өгсөн байна. Төсөлд тусгасан заалтуудын нэг бол НАТО Украины нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа өргөжүүлэхгүй байх баталгааг өгөх тухай юм.


Холбоотой мэдээ