Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгууль түүхэндээ байгаагүй бага ирцтэй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-20 10:17:23

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгуулийн санал хураалт ням гаргийн орой дууслаа. Энэ удаагийн сонгууль тайван, будлиангүй, хамгийн бага ирцтэй болж өнгөрсөн байна.  


Ирцийн талаарх эцсийн мэдээлэл хараахан гараагүй байна. Гэсэн хэдий ч дүүргүүдийн санал авах байрууд хаагдахаас нэг цагийн өмнө 29.28 хувьтай байсан нь түүхэн дэх хамгийн бага үзүүлэлт юм. Сонгуулийн хорооны албан ёсны мэдээллээр, бүртгэлтэй 4.47 сая сонгогчоос 1.3 сая гаруй нь энэ мөчид саналаа өгсөн байжээ.


Хэд хэдэн санал авах байраар очсон ТАСС агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр, хонконгчуудын сонгуульд оролцох идэвх муу байсан байна. Сонгуулийн өдөр нийтийн тээврийн бүх хэрэгслийг үнэгүй болгох эрх баригчдын урьд өмнө гаргаж байгаагүй шийдвэр ирц нэмэгдэхэд тус болоогүй байна. Хотын олон иргэн энэ давуу талыг хувийн зорилгоор аялал, зугаалгаар явахад ашиглажээ.


"Надад энэ удаагийн "эх оронч" сонгуульд оролцох онцгой сонирхол алга. Эцсийн эцэст зөвхөн эрх баригчдад үнэнч, ардчилсан сөрөг хүчний төлөөлөлгүй нэр дэвшигчид л оролцоно" гэж нэгэн зоогийн газрын ажилтан Эдвард Чан ТАСС агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлжээ. Тэрбээр мөн тойргуудаас шууд санал хураалтаар сонгогддог мандатын тоо 35 байсныг 20 болгож бууруулсанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.


Энэ удаагийн сонгуулийг шинэ хэлбэрээр явуулсан юм. 2021 онд Бээжингийн санаачилгаар Хятадын засаг захиргааны энэхүү онцгой бүсийн сонгуулийн тогтолцоог шинэчилсэн билээ. Энэ нь "Хонконгийг эх орончид удирдах" зарчим болон үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай шинэ хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой юм. Үнэн хэрэгтээ энэ нь өмнө нь хууль тогтоох байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, хуралдааныг тасалдуулж, хэд хэдэн чухал хуулийн төслийг батлахад саад учруулахыг оролддог байсан сөрөг хүчинд одооноос эхлэн Хонконгийн парламентад орон зай байхгүй болно гэсэн үг юм.


Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгууль 2020 оны есдүгээр сард хуучин тогтолцоогоор явагдах ёстой байсан боловч цар тахлын улмаас хойшлогдсон бөгөөд Бээжин энэ хугацаанд энэхүү өөртөө засах мужийн удирдлагын тогтолцоонд Хятадын эсрэг чиглэсэн элементүүд нэвтрэх цоорхойг хааж, сонгуулийн тогтолцоог шинэчилжээ. 


Холбоотой мэдээ