"Миний монгол бичиг" аяны шилдэгүүдэд шагнал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-12-16 13:12:30

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Иргэдийн үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, тэдний амжилтыг урамшуулан дэмжих, туршлага түгээх зорилгоор “Миний Монгол бичиг аян”-ыг хоёр сарын хугацаанд аймгийн хэмжээнд зохион байгуулсан.

Уг аянд ЕБС-ийн багш, сурагчид, төрийн албан хаагч, иргэд оролцсон аж. Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой уг нь аян “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III” болон Монгол хэлний тухай хуулийн Монгол хэл бичгийн соёлыг өвийг хамгаалах, хөгжүүлэх зорилтын хүрээнд болон 20 дахь жилдээ зохион байгуулж буй “Алтан үсгийн баяр”-тай утга, агуулга, ач холбогдлоороо хоршиж болсныг БСУГ-ын  мэргэжилтэн Д.Оюунбилэг онцолж байлаа.  Өнөөдөр “Миний Монгол бичиг” аянд амжилттай оролцож шилдгээр шалгарсан хүмүүст шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.

Багш нарын дунд зохион байгуулсан “Үндэсний бичиг-Миний нэр төрийн баталгаа” цахим бичвэрийн уралдаанд Дархан-Уул аймгийн 16 сургуулийн 34 багш амжилттай оролцсон аж. Харин төрийн албан хаагч, сонирхогчдын дунд зохион байгуулсан “Үндэсний бичиг тусгаар тогтнолын баталгаа” цахим уншлагын уралдаанд 106 иргэн оролцжээ. "Миний Монгол бичиг цахим ном"-ын уралдаанд 14 сургуулийн 14 хичээл ирснээс Од цогцолбор сургууль эхний байр, удаах байрт “Оюуны ирээдүй” цогцолбор сургууль, Шарын голын сумын хоёрдугаар сургууль, гуравдугаарт байрт 18 дугаар сургууль, “Оюуны ирээдүй” цогцолбор, есдүгээр сургуулийн багш нар тус тус шалгарчээ.

"Миний Монгол бичиг аян"-ы хүрээнд БШУЯ-ны Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч цол тэмдгээр 18 дугаар сургуулийн багш “Бийрийн бичигтэн” Б.Булганчимэг, БСУГ-ын “Арга зүйч” багш тэмдгээр Шинэ алхам сургуулийн багш А.Булган нар шагнууллаа. Уралдааныг "Хаан бичиг" номын дэлгүүрийн эрхлэгч Одонзаяа, мэргэжлийн хөгжлийн “Эх хэл” багийн гишүүд, Солонгос улсад суралцаж буй 14 дүгээр сургуулийн залуу багш Б.Уянга, Солонгос дахь Монгол сургуулийн багш Д.Мөнхтуяа нар ивээн тэтгэжээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга МУСГЗ Б.Элбэгзаяа, Сэтгүүлч, зохиолч МУСГЗ Ө.Рагчаасүрэн, "Монгол дуу дүрс сан" ТББ-ын тэргүүн Б.Баясгалан, БСУГ-ын дарга С.Галбадрах, мэргэжилтэн Д.Оюунбилэг болон аянд амжилттай оролцсон багш, сурагчдын төлөөлөл оролцлоо.

 

Холбоотой мэдээ