“Авлигагүй Дархан” аяны хүрээнд чөлөөт индэр ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-12-08 15:53:43

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдөр тохиодог “Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг угтан “Авлигагүй Дархан” соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Авлигын эсрэг өдрийн хүрээнд Олон улсын худалдааны төв, Оргил худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэд, түрээслэгчдийг хамруулан авлигын эсрэг олон улсын өдрийн товч мэдээлэл, авлигын шинжтэй ямар зөрчлийг мэдээлэх, утасны дугаар бүхий тараах материал тарааж, “Чөлөөт индэр” ажиллуулан, иргэдээс цахимаар болон биечлэн санал хүсэлтийг нь хүлээн авах зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүллээ.

Мөн 12 дугаар сарын 1-9-ний өдрүүдэд “Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах” сургалтыг ААНБ-уудад шат дараатайгаар явуулж байна. Одоогоос 14 жилийн жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай юм.

Холбоотой мэдээ