Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төсөл боловсруулж байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-08 14:45:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулах ажлыг шуурхайлахыг төсөл боловсруулах Ажлын багт даалгав. 


Төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ХЗДХ-ийн сайдад үүрэг болгосон юм. Төрийн бүтээмж, боомт, эрчим хүч, Улаанбаатар хотын автозамын түгжрэл, аж үйлдвэржилт, байгалийн нөөц гэсэн асуудал өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлс болж байна. Эдгээр хязгаарлагч хүчин зүйлсийг “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд шийдвэрлэж сүүлийн 10 жилд тасралтгүй буурсан ажиллах хүчний оролцоо болон бүтээмжийг сайжруулах цогц арга хэмжээнүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлснээр эдийн засаг сэргэж, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгоно гэж үзэж байна.


Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулах ажил нь “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгслийн нэг юм.


Товч мэдээ


·  Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын багийн танилцуулгатай холбогдуулан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бараа, үйлчилгээний инфляцад үзүүлэх нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.


·      Коронавируст халдварын эсрэг вакцижуулалтын явц: Манай улсын нийт хүн амын 70 хувь нь нэгдүгээр тунд, 66 хувь нь хоёрдугаар тунд, 24 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунд иргэдийг хамруулах ажлыг эрчимжүүлэхийг хуралдаанаас өгчээ.

Холбоотой мэдээ