Зарагдсан барааг буцаах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-07 18:58:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тоо хэмжээ, чанар стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой худалдаа үйлчилгээ эрхлэгчид чанаргүй бараа нийлүүлчихээд “Зарагдсан барааг буцаахгүй, сонголтоо зөв хийнэ үү” гэсэн үгсээр халхавч хийж, хариуцлага хүлээхээс зайлсхийдэг.


Тэгвэл, 2003 онд баталсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн зургадугаар зүйлийн  “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас учирсан гэм хорыг арилгуулах, хохирлыг нөхөн төлүүлэх хэрэглэгчийн эрх” гэсэн хэсэгт зааснаар зарагдсан барааг буцаах, бүр цаашлаад түүнтэй дүйцэхүйц төлбөрийг худалдан авагчид буцаан олгохоор заасан байдаг.


Мөн энэ хуулийн 12.5-д “Yйлдвэрлэгч, худалдагч барааны баталгаат хугацааны шаардлагыг хангасан бараа борлуулах үүрэгтэй. Чанарын шаардлага хангаагүй бараа борлуулсан тохиолдолд хэрэглэгчийн шаардлагаар түүнийг буцаан авч үнийг хэрэглэгчид олгоно” гэсэн байна. Хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй  үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.


Гэвч энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас холбогдох хуулийн хүрээнд ажиллаж, зарагдсан барааг буцаах боломжтой болгууллаа.


Мөн НӨАТ баримт нэгэнт олгогдсон, бүртгэсэн гэх шалтгаанаар тухайн барааг буцаахгүй, тайлбар тавьж байгаа худалдааны байгууллага байгаа бол ШӨХТГ-т болон хэрэглэгчийн санал, хүсэлт хүлээн авах 115 дугаарт мэдэгдэх боломжтой ажээ.

Холбоотой мэдээ