Дата мэдээлэл иргэдийн хяналтыг бий болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Дата эрх чөлөө-2021: Мэдэх эрх” үзэсгэлэн “Блю Мон” төвд нээгдэв. “Бодлогод залуусын хяналт” ТББ болон АТГ, “Тунгаахуй өгөгдлийн урлан” байгууллагаас Олон улсын хүний эрхийн өдрийг угтан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд улстөрийн сонгуулийн үйл явц, намуудын зардлын тайлангаас аваад уул уурхайн төрийн өмчит компаниудын худалдан авалт, шилэн данстай холбоотой мэдээллийг график, дата дүрслэлээр дэлгэн харуулж байна. Мөн нээлттэй мэдээллийн сан бүхий www.opendatalab.mn сайтыг албан ёсоор танилцуулж байна. Нэг ёсондоо үзэсгэлэнгээр авлигыг бууруулахад мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх нь чухал юм гэдгийг харуулахын зорьсон талаар “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Амарзаяа тодотголоо.
Иргэний мэдэх эрхийг хангах, улмаар төрийн үйл хэрэгт утга
учиртай оролцох, хяналт тавих боломжийг нэмэгдүүлэх нэг хувилбар бол төрийн
байгууллагуудаас тус бүрдээ бэлтгэн гаргасан мэдээллийг нэгтгэж, иргэдэд
ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрт шилжүүлэх
явдал юм гэдгийг тэрээр хэлж байв. Өөрөөр хэлбэл, төрийн эрх бүхий
байгууллагаас гаргасан мэдээллийг аливаа байдлаар гуйвуулалгүйгээр өөр
хоорондын уялдаа холбоог нь харуулах шаардлагатай юм гэдгийг тэмдэглэж байна.
“Нийгэм, улстөр, эдийн засагтай холбоотой дата мэдээллийг олон нийтэд гаргаж тавьснаар ил тод байдлыг хангаж, иргэдийн хяналтыг бий болгож, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх юм. Мөн датагаар дамжуулан иргэдийн оролцоог нийгэмд бий болгож буй юм. Мэдээллийг мэдсэнээр, хүртсэнээр иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төрийн шийдвэр, бодлогод нөлөөлөх, тухайн байгууллагад санал гаргаж ч болно” хэмээн үзэсгэлэнг гаргаж буй "Монголын дата клуб"-ийн Нээлттэй өгөгдлийн бодлогын зөвлөх, доктор Г.Амарсанаа дата мэдээллийн ач холбогдол, үр дүнг онцолж байв.
Тэрээр хэлэхдээ, “Дата бол түүх, бодит баримт. Энд өгөгдлийг
“түүхий эд” гэж үздэг. Энэ “түүхий эд” нь хүн яаж харах, боловсруулахаасаа
хамаараад дотроо маш их хэмжээний мэдээллийг агуулж байдаг. Үүнийг боловсруулах
нь чухал. Ялангуяа интернэт их хөгжөөд маш их мэдээллийг өгч буй энэ үед
боловсруулалт чухал. Сэтгүүлзүй гэхэд энэ дотроос их мэдээллийг гаргаж аваад
мэдээлнэ, нийгэмд тайлагнах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.
Өнөөдөр бид энд нээлттэй өгөгдлөөр ажилласан. Нэг ёсондоо байгууллагууд аль хэдийн нийтлээд тавьчихсан мэдээллийг аваад хэрэгтэйг нь цэгцэлж дэлгэж буйгаар иргэдийн хяналтыг бий болгож байгаа юм. Мөн датагаар дамжуулан иргэдийн оролцоог бий болгож буй юм” хэмээн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төрийн шийдвэр, бодлогод нөлөөлж болох боломжийн талаар өгүүлсэн юм.
Төрийн худалдан авалтаар “Эрдэнэт үйлдвэр” 2 их наяд төгрөгийн, “Эрдэнэс Тавантолгой” 3.7 их наядыг, үлдсэн 170 тэрбум төгрөгийг “Монголросцветмет” компани хийжээ.
Төрийн худалдан авалт дээр төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголросцветмет” гэсэн татвар төлөлтөөр ТОП-100 ААН-д толгой цохиж буй 3 том компанийг авч, дүн шинжилгээ хийжээ. Ингэхдээ шилэн дансны 17.4 мянга гаруй, тендэрийн 6 мянга гаруй, хөрөнгө орлогын мэдүүлгийн 73.7 мянга гаруй мэдээллийг, хуулийн этгээдийн бүртгэлийн санд байгаа дээрх 3 компанийн хуулийн этгээдтэй холбоотой бүх мэдээллийг авснаар энэ компаниуд нтйдээ 5.8 их наядын худалдан авалт хийснийг гаргаж ирсэнээ “Монгол дата клуб”-ын сэтгүүлч З.Цэлмэг мэдээлэв. Үүнээс 2 их наяд төгрөгийнхийг “Эрдэнэт үйлдвэр”, 3.7 их наядыг “Эрдэнэс Тавантолгой”, үлдсэн 170 тэрбум төгрөгийг “Монголросцветмет” компанид хамаарч буйг тодотголоо. Үзэсгэлэнгээр:
- "Бодлогод залуусын хяналт" ТББ Улс төрийн намын
зардлын тайлангийн ил тод байдал: түүх, дата дүрслэлийг,
- АТГ гэмт хэргийн улмаас учирсан
хохирлыг нөхөн төлүүлсэн тухай түүх, дата дүрслэл
- Бодлогод залуусын хяналт ТББ-ын дэргэдэх Залуусын давлагаа
клуб гэр хорооллын хүртээмж сэдвийн хүрээнд дата дүрслэл, гэрэл зургууд,
залуусын түүх,
- "Лийд төгсөгчдийн холбоо" сонгуулийн ирцийн мэдээллийг
боловсронгуй болгосон түүх, холбоотой дата дүрслэл болон гэрэл зургуудыг,
- Цогц хөгжлийн үндэсний төв сонгуулийн виртуал музей
болон UIH.mn сайт бүтсэн түүх, зорилго, холбоотой дата дүрслэл болон гэрэл
зургууд,
- Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөр, Монголын дата аналистуудын клубээс Төрийн өмчит кампанийн худалдан авах ажиллагаа ба шилэн данстай холбоотой дата дүрслэл, холбоотой мэдээлэл, гэрэл зургуудыг https://www.tender.gov.mn дэлгэж байна.