Н.Лхагвадорж: “Би гэж байхгүй... Бид бүгдийн хийсэн ажил” гэж байна

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-05 12:35:52

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан энэ сарын 3-ны өдөр боллоо. Хуралдааны төгсгөлд 2022 оны төсвийг амжилттай батлуулсан аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хурлын төлөөлөгч нарт хандан үг хэллээ.

Тэрээр үгийнхээ эхэнд ирэх он жилүүдэд Сэлэнгэ аймгаа хөгжүүлэх асуудал дээр бүгд хамтарч нэг баг болж ажиллахыг хүссэн. “Энэ цаг мөчөөс эхлээд миний бие та нөхөдтэй хамтарч ажиллах учраас “Би гэж байхгүй... Бид бүгдийн хийсэн ажил” гэж хамтарсан нэр томьёон дээр явна гэдгээ ч мөн онцоллоо. Аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг аваад гурав хонож буй тэрээр Сүхбаатар суманд тулгамдаж байгаа зарим асуудлуудтай өөрийн биеэр явж танилцсан тухайгаа энд дуулгав. Ер нь бүх сумаар ойрын хугацаанд явна. Цаашид жижиг асуудлыг аргацаах биш бүгдийг шийдвэрлэдэг зарчмаар ажлаа төлөвлөнө гэдгээ хэллээ.

Мөн тэрээр цаашид Сэлэнгэ аймгийн бүх сумдаар орж ажиллах тул хурлын төлөөлөгч нар сум сумандаа тулгамдаж буй бүх асуудлаа төрөл нэг бүрээр нь ангилж, газар дээр нь үзэх боломжоор хангаж өгвөл сайн байна гэв. Түүнчлэн тухайн сум юугаараа давуу онцлогтой вэ? Түүндээ тулгуурлан ажлаа төлөвлөдөг байх нь чухал гэлээ. Мөн тэрээр ажлын хэсэг асуудлыг газар дээр нь үзэж мэргэжлийн багаар зураг төсвийг хийлгэх тул 2022 оны 3 дугаар сарын 1-нээс өмнө бүх асуудлаа цэгцэлж тендер зарлах ажилдаа орох. Улмаар 5 дугаар сарын 1 гэхэд үндсэн ажлаа эхлүүлдэг байхыг сумдын хурлын төлөөлөгч нарт онцгойлон үүрэг болгосон. Ингэж асуудал бүрийг тухай бүрт нь шийдэж явахгүй бол өдөр ирэх тусам төсөв мөнгөний ханш, барилгын материалын үнэ, ковидын нөхцөл байдал хүндрэх магадлал үүсэх зэрэг цаг нартай уралдаж ажиллах олон асуудал байна. Ямарваа асуудалд энэ тэрийг сольё гэхээсээ илүүтэй шинжлэх ухаанчаар ханддаг байхыг анхаарууллаа. Мөн нэг ажлыг нэг л удаа хийдэг байх зарчмыг хатуу барья. Байнга сургууль, цэцэрлэгийн засвар ярьж явмааргүй байна. Нэгэн цаг үеийг бүтээж яваа хэдүүлээ хийж бүтээсэн түүхтэй байхгүй бол засвар энэ тэрхэн гэсэн асуудлаар өөрсдийн нэр хаяггүй болж үлдэх хатуухан цаг хугацаанд ажиллаж байна гэдгээ санаарай хэмээв.

Аймгийн дарга үгийнхээ төгсгөлд Сэлэнгэ сайхан нутгаа хөгжүүлж сайн ажиллаарай. 2022 оны төсвийг амжилттай баталж өгсөн нийт төлөөлөгч нартаа баярлалаа. Батлагдсан төсвийнхөө дагуу сайн ажиллаж, бүх салбартаа хүрч очиж ажил байдалтай нь танилцана. Хөрөнгө оруулалтуудыг аймагтаа татаж аймаг орон нутгаа хөгжүүлж ажиллана” гэлээ. 

Холбоотой мэдээ