Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-12-02 16:05:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНЭУ-д албан ёсоор айлчилж буй УИХ-ын дарга Г.Занданшатарын Энэтхэгийн Гадаад харилцааны сайд др. Сүбрахманьям Жайшанкартай уулзав.


Уулзалтаар УИХ-ын дарга Г.Занданшатар түүх, соёлын хэлхээ холбоо, чөлөөт, ардчилсан нийгэм, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж, “КОВИД-19” цар тахлын хүнд цаг үед ч харилцан бие биеэ дэмжиж, хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн Энэтхэг Улс 1 тэрбум дахь иргэнээ вакцинжуулж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахад амжилт гаргасанд баяр хүргэж, Энэтхэг Улс цар тахлын тархалтыг хяналтдаа авч халдварын тоо буурч, эдгэрэлтийн хувь өсөу байгаад баяртай байгаагаа мөн илэрхийллээ. Энэтхэг Улсын  Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 онд Монгол Улсад хийсэн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан түүхэн үйл явдал болсныг онцлон дурдаж, айлчлалын үеэр тохирсон асуудлууд эдүгээ амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэв.


Цаашид улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэн, хоёр орны Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дайчлах нь чухал ач холбогдолтой болохыг онцлоод, энэ хүрээнд улс орны дээд удирдлагыг харилцан айлчлуулах саналтай байгааг тэмдэглэв.


БНЭУ-ын Гадаад харилцааны сайд С.Жайшанкар хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл нь Энэтхэг-Монголын харилцааны бат бэх суурь гэдгийг онцлон тэмдэглэв. Түүх, соёл, уламжлал, шашин шүтлэгийн хувьд нягт холбоотой оюун санааны хөршүүд тул соёлын салбарын хамтын ажиллагаа, түүний дотор соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцоллоо.


УИХ-ын дарга Г.Занданшатар “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаж, уг төслийг хэрэгжүүлж дуусгах, коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэнийг ноён С.Жайшанкар дэмжиж байгаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ