Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулан тэргэнцэр олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-11-29 18:37:05

Дархан-Уул /МОНЦАМЭ/. TEDxDarkhan үйл ажиллагааг зохион байгуулагчид “Булган нэг үе” ТББ-тай хамтран Дархан-Уул аймгийн долоодугаар цэцэрлэгт хоёроос дээш насны хүүхдүүдэд тусгайлан зориулсан, олон үйлдэлтэй таван тэргэнцэрийг Дэлхийн хүүхдийн өдрөөр гардуулан өглөө.

Тус цэцэрлэгт ердийн болон тусгай хэрэгцээт хүүхдүүд сурч хүмүүждэг. Нийт 13 бүлэгтэйгээс гурван бүлэг нь хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулагдсан.

Эдгээр ангиудад сурч, хүмүүжиж буй хүүхэд багачуудад өдөр тутамд хэрэглэх зориулалттай ийм тэргэнцэр байхгүй аж. Тиймээс аймгийн Эмэгтэйчүүдийн холбоогоор дамжуулж "Булган нэг үе" ТББ-д саналаа хүргүүлснээр 15 сая төгрөгийн өртөг бүхий тэргэнцэртэй боллоо. Тэргэнцэртэй болсон хүүхдүүдийн сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох боломж нь нэмэгдэж, амьдралд нь том өөрчлөлт бий болно гэдгийг багш нар нь онцолж байлаа. Тэргэнцрийг хүүхдийн насанд тохируулан ашиглах боломжтой аж. Хүүхдэд сурч боловсрох, хоолоо идэх, тоглож наадах боломжийг олгохоос гадна урдаа хөтлөгч дугуйтай гэдгээрээ онцлогтой.

Ташрамд “Булган нэг үе” ТББ нь сүүлийн гурван жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт нийт 450 гаруй хүүхдийг тэргэнцэртэй болгожээ. 

Холбоотой мэдээ