С.Энхболд: Коронавирусний шинэ хувилбар ДОХ-ын вирустэй хавсран үүсгэгдсэн гэдэг нь ташаа мэдээлэл

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-27 14:56:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөд Африкийн бүртгэгдээд буй коронавирусний шинэ “Омикрон” хувилбар ДОХ-ын вирустэй хавсарсан гэдэг нь ор үндэсгүй мэдээлэл гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдлээ. 


УОК-ын өнөөдрийн хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр тэрбээр, “Вирусний шинэ хувилбарын тархац "Делта"-гаас хэд дахин хурдан, вакцины идэвхийг сулруулж байгааг нотлоогүй. Дөнгөж судалж эхэлж байна. Дархлаа султай хүний биед үүссэн байх магадлалтай гэж үзэж байгаа. Энэ вирус нь дархлаа дарангуйлах эм хэрэглэсэн, архаг суурь өвчтэй хүмүүст илүү халддаг. Шинээр бүртгэгдсэн хувилбартай холбоотой вакцины үр нөлөө ямар байх судалгааг дэлхийн томоохон компаниуд хийж байна. Судалгааны эхний үр дүн 14 хоногийн дараа гарна. Тухай бүрд нь шинэ мэдээлэл өгнө. Олон судлаач вакцины хамрагдалт сайн байгаа оронд нас баралт харьцангуй цөөн байх магадлалтайг таамаглаж байгаа. Иймээс вакцины 3 дахь тундаа идэвхтэй хамрагдвал шинэ хувилбарыг давах боломжтой”-г дурдсан юм.


Гадаадаас ирсэн иргэдийг арав хоног тусгаарлах болсон талаар С.Энхболд тайлбарлахдаа, “Нууц үеийн хугацаа "Делта" вирусний хувьд 3.5 хоног байсан. Тусгаарлалтын 3 болон 6 дахь хоногт шинжилгээ авна” хэмээв.


Манай улсад 12-17 насны 267 мянган хүүхэд байгаагийн 259 мянга нь вакцинд хамрагджээ. Харин 5-11 насны хүүхдийн вакцин болон 12-17 насныханд 3 дахь тунг хийх талаар судалж байгаа. Учир нь БНХАУ, АНУ, Канад зэрэг дэлхийн цөөн оронд 11 дүгээр сараас 5-11 насныханд вакцин тарьж эхэлсэн. Судалгаа шинжилгээний үр дүнг харж байж шийдвэрээ гаргана гэдгийг салбарын сайд дурдлаа. 


Одоогоор коронавирусний вакцины 3 дугаар тунд 600 гаруй мянган иргэн хамрагдаад байгаа бол 200 гаруй мянган иргэн нэг, хоёрдугаар тунгаа тариулаагүй байна. 



Холбоотой мэдээ