Мөрөн суманд 480 хүүхдийн сургууль ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-11-24 10:48:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багт нэг ээлжиндээ 480 хүүхэд суралцах хүчин чадалтай, хоёр ээлжээр 960 хүүхэд хичээллэх боломжтой сургуулийн барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ.

Мөрөн сумын 14-р баг нь дэд бүтцийн 3 дахь төв болон хөгжихээр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд хийж байгаа юм. 

Тус багт сургууль, цэцэрлэг байхгүйгээс хүүхдүүд хол зам туулан сургууль, цэцэрлэгт хамрагддаг байсан тул эцэг эхчүүд, иргэдийн зүгээс хүсэлт тавьсны дагуу улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэг, 5,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 480 хүүхдийн сургуулийн барилга барьж ашиглалтад орж байна.  



 Шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор багш, ажилчид тохилог орчинд ажиллах, алслагдсан багийн хүүхдүүд эрүүл, тав тухтай орчинд сурч боловсрох нөхцөл бүрдэж байна.

Мөрөн сумын 14-р багт улсын төсвийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын талбай, орон нутгийн хөрөнгө оруулалтаар баг хөгжлийн төв, өрхийн эмнэлэг барьж ашиглалтад ороод байна. Мөн улсын төсвийн 9,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Соёл, спортын цогцолбор, 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн дотуур байр, 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бизнес хөгжлийн төв, 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ахуйн үйлчилгээн төв зэрэг барилгууд барьж байна.

Холбоотой мэдээ