Гашуунсухайтын боомтоор өдөрт 500-600 автомашин нүүрс тээвэрлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-11-17 11:06:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан хил, гааль, хилийн боомтууд дахь нөхцөл байдлын талаар танилцууллаа. Ажлын хэсгийн хүрээнд газар дээр нь ажиллаад ирсэн тэрээр хэлэхдээ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод сүүлийн 3 хоног коронавирусний халдварын тохиолдол илэрсэнгүй. Эрээн хотын боомтын удирдах ажилтнуудаас манайд ирүүлсэн санал хүсэлтээр халдвар илрэхгүй 20 хоновол хилээ түр хугацаанд, түр горимоор нээж, бараа материал хил дээр түгжигдсэн ачаа контейнерийг солилцохоор хоёр тал тохиролцсон гэв.


Эрээн хотод коронавирусний халдварын тохиолдол дахин илрэхгүйгээр 20 хоновол хилээ нээнэ. Хил дээрх тээврийг түр горимоор явуулахаар тохиролцоод байна.



Ер нь бол тухайн бүсэд тээвэр хийж байсан жолооч нарын ажил хумигдаж байгаа учир тэднийг дотоодын тээвэрт түлхүү оруулж, шилжүүлэх зохицуулалтын нөхцөл байдал үүсэж байгаа. Жолооч нар бухимдалтай байгаа ч энд хүн амаа хүнсний ногоо, импортын бараагаар хангах 3 сая иргэний том эрх ашгийг бодох учиртай. Тиймээс хоёр талын тохиролцсон, Хятадын талаас тавьж буй түр горимын дагуу тээвэрлэлтийг явуулахаар газар дээр нь шийдээд байна гэв. 




Гашуунсухайтын боомт дахь тээврийн нөхцөл байдал нэг үеэ бодвол харьцангуй журамлагдан горимд орж хэвийн явж байна. Чингэлэгт тээврийн терминалийн ажлыг туршилтын түвшинд өнгөрсөн 7 хоногт амжилттай хийж гүйцэтгэн эхлүүлэх гэж байна. Энд өдөрт 500-600 автомашин нүүрс тээвэрлэн нэвтэрч эхэлсэн. Өнгөрсөн 2-3 дугаар улиралд хүндэрч байсан нөхцөл байдалтай харьцуулахад амжилттай явагдаж байна. Шивээхүрэн боомт хаалттай байгаа ч мөн л Эрээн хот шиг халдварын тохиолдол дахин гараагүй нөхцөлд түр горимоор нээхээр тохиолцоод байна гэв. 

Холбоотой мэдээ