Г.Ундармаа: Шахмал түлшний шуудай дахин тасрахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-15 13:06:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, мидлингийн нөөц хангалттай, борлуулалтын цэгт өдөрт 2630 тонн түлш түгээж байна.


Одоогоор 230 мянга гаруй тонн барьцалдуулагч, 44.228 тонн шахмал түлшний нөөцтэй. Борлуулалтын 550 цэгийг сайжруулсан шахмал түлшээр хангаж байгаа аж. Өдөрт 250 машинаар тээвэрлэж байна. 


“Харин шуудайны хүрэлцээ асуудалтай байсан. Өнгөрсөн баасан гарагт 800 мянган шуудай оруулж ирсэн. Удахгүй нэг сая шуудай оруулж ирэхээр бэлтгэж байгаа тул шахмалд түлшний шуудай дахин тасрахгүй гэж “Таван толгой түлш”  ХХК-ийн захирал Г.Ундармаа Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ үеэр төсвийн жилд өр авлага үүсгэлгүй, төсвийг зориулалтын зүйлд зарцуулахыг үүрэг болгосон юм. Тодруулбал:


-Эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгсэл, эмийн сангийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалт хийх, гүйцэтгэлд хяналт тавих.


-Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтийг хянан сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, хэрэгжилтийг хянах. 


-Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл, өмч хувьчлалын жагсаалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэргийг боловсруулах бэлтгэл хангах.


-Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зөв зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгов.

Холбоотой мэдээ