Баруун бүсийн уламжлалт анагаах ухааны эмнэлэг их засварт оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Баруун бүсийн уламжлалт анагаах ухааны эмнэлгийн их засварын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, холбогдох албаныхан хүлээн авлаа.
Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн тухайд Баруун бүс нутаг төдийгүй Монгол орны өнцөг булан бүрээс зорин ирж хэвтэн эмчлүүлдэг ачаалал ихтэй байдаг. Барилгын их засварын ажлыг "Гуулин-Эрдэнэ" ХХК улсын төсвийн 207.9 сая төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэж хүлээлгэн өгчээ.
Ийнхүү барилга бүрэн засварт орсноор, эмч, ажилтнууд ая тухтай орчинд ажиллах, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд орчин үеийн стандартад нийцсэн орчин, нөхцөлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.
Тус эмнэлгийн хамт олон ард иргэдэд өрнө-дорны анагаах ухааны онол арга зүйг хослуулан эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх үйл ажиллагааг ёс заншил, ахуй нөхцөл, уламжлалтай уялдуулан чанар, хүртээмжтэй үзүүлж буй ажээ. Өдгөө уламжлалт, сэргээн засах 20 гаруй төрлийн 108 нэрийн эмчилгээ үйлчилгээг стандартын дагуу Уламжлалт анагаахын шинжлэх ухааны техникийн үйлдвэрлэлийн корпорацийн улсын чанартай ДЭМБ-ын GMP-ийн чанарын шаардлага хангасан эмийн үйлдвэрийн тан, эрдэнийн үрэл болон орон нутгийн эмийн ургамал зэрэг нийт 50-60 нэр төрлийн эмээр үйлчилгээ үзүүлдэг юм.



