БНТУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташег хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-04 17:29:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хурандаа Өзгүр Назым Унсалыг өчигдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд хурандаа С.Ганбямба Монгол Улс 1999 онд БНТУ-тай батлан хамгаалах салбарт албан ёсны харилцаа тогтоосноос хойш хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд цаашид хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар БНТУ-ын талтай хамтран ажиллахаа илэрхийлэв.


Мөн тэрээр, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 2006 оноос эхлэн БНТУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Анадолу”, “Нүүдэлчин дайчид”, “Эфэс” зэрэг олон улсын болон хоёр талын хамтарсан сургалтад оролцож байсан туршлагатайг онцолж, цаашид зохион байгуулагдах сургууль, дадлагуудад Монгол Улсын Зэвсэгт хүчин оролцоогоо үргэлжлүүлэхийг эрмэлзэнэ гэдгээ мэдэгдэв.




БНТУ-аас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе, хурандаа Өзгүр Назым Унсал хурандаа С.Ганбямбад шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэн, БНТУ-ын цэргийн сургуулиудад бэлтгэгдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнээс ЗХЖШ-ын удирдах албан тушаалд томилогдон ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн байна.


Мөн тэрээр БНТУ-ын зохион байгуулдаг олон улсын цэргийн сургууль, дадлагад монгол цэргүүдийн оролцож байгааг харах нь нэр төрийн хэрэг гэдгийг хурандаа онцолж, Монгол Улсад жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд БНТУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үргэлжлүүлэн оролцоно гэв.

Холбоотой мэдээ