УИХ-ын гишүүн олон улсын байгууллагад сонгуульт алба хашиж болохыг хуульчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв.
Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд "УИХ-ын гишүүн нь УИХ-ын гишүүний үндсэн чиг үүрэгтэй холбоотой олон улсын байгууллага, төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагаас бусад сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж болох" тухай зохицуулалтыг тусгажээ.
Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Ганболд хуралдаанд танилцуулав. Тус байнгын хороо төслийг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж, төслийн зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураан шийдвэрлэжээ. Тодруулбал, “Төслийн 1 дүгээр зүйлийг “Улсын Их Хурлын гишүүний үндсэн чиг үүрэгтэй холбоотой Монгол Улсын нэгдэн орсон олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагаас бусад сонгуульт албан тушаал” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Үндсэн хуулийн 29.1-т УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад албыг давхар хашихгүй байхаар заасныг тэмдэглээд, Байнгын хороо эл асуудлыг хэрхэн ярилцсаныг тодруулав. УИХ-ын гишүүн Г.Ганболд, Байнгын хороогоор төслийг хэлэлцэх явцад гишүүд энэ талаар тодруулга авсан бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын байгууллагад сонгуульт алба хаших учраас Үндсэн хуулийн зөрчил үүсэхгүй гэж тайлбарлав.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт үг хэлэв. Тэрбээр, "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа УИХ-ын тухай хуулийг ноднин баталсан. Энэ хуулиар УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнээс бусад үндсэн чиг үүрэгтэй холбоотой алба хашиж болохгүй гэж заасан. Учир нь УИХ-ын гишүүн нь ТББ, нутгийн зөвлөл, соёл урлагийн холбоо, олон нийтийн байгууллагад сонгуульт албан тушаал хашсанаар, ашиг сонирхлын зөрчилд холбогдож байгаа юм. Ингэснээр, хууль тогтоох дээд байгууллагын нэр хүнд унаж байгаа тул УИХ-ын тухай хуульд зохицуулалт хийсэн. Гэвч 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдсан парламент УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүн нь сонгуульт алба хашиж болохоор тусгасан. Тиймээс Төрийн албан хаагчийн сахилга, хариуцлагын тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг батлахдаа эл асуудлыг эргэн харах шаардлагатай байна. УИХ-ын гишүүн улс төрийн сонгуульт албан тушаал эрхлэх зайлшгүй шаардлагатай. Үүнийг нэг талдаа хаасан байсан. Харин сонгуульт албан тушаал хашиж болох заалт оруулахдаа "цонх"-ыг нь том нээчихсэн. Ингэснээр гишүүд ашиг сонирхлын зөрчилд холбогдох, улмаар парламентын нэр хүнд унах эрсдэлтэй" хэмээв.
Ингээд зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хурааснаар, УИХ-ын тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.