Парагвай-Бразилын УЦС дэлхийд тэргүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАСУНСЬОН. /Prensa Latina/. Парагвай-Бразилын хамтран эзэмшдэг “Итайпу” хэмээх аварга том усан цахилгаан станц эрчим хүч үйлдвэрлэлд шинэ амжилт тогтоон дэлхийд тэргүүлэгчдийн дунд дээгүүрт орж ирлээ.
Энэ оны эхний хагаст тус станц 51 635 000 мегаватт/цаг /MWh/ эрчим хүч үйлдвэрлэсэн байна. “Agencia Paraguaya de Información” мэдээллийн агентлагийн мэдээнд дурдсанаар, хэрэв энэ үзүүлэлтээ энэ оны хоёрдугаар хагаст хадгалж чадвал (хэдийгээр усны түвшин одоогоор харьцангуй бага байгаа боловч) эрчим хүчний үйлдвэрлэл 100 сая MWh-аас давах ажээ.
Эрчим хүчний үйлдвэрлэл ийнхүү нэмэгдсэнээр энэ улиралд л гэхэд өнгөрсөн жилийнхээс 55 сая доллароор илүү ашиг олно гэдгийг тус УЦС-ын санхүүгийн хэлтсийн захирал Мигель Гомез онцолжээ.
“Итайпу” /гуарани хэлээр “дуугардаг хад” гэсэн утгатай/ нь дэлхийн өмнөд хагас бөмбөрцөг дэх хамгийн том УЦС бөгөөд Парагвай-Бразилын хил дээрх Парана гол дээр баригджээ.
“Итайпу”-гийн турбин анх 1984 оны 5 дугаар сарын 5-нд ажиллаж эхэлсэн бөгөөд эрчим хүч үйлдвэрлэл нь жил бүр 2-3 хувиар өсч байна.
Х.Сарнай