Хөгжлийн бодлого, төлөвлөлтэй зөрчилдсөн 17 баримт бичгийг хүчингүй болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
УИХ-аас Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг ноднин шинэчлэн баталсан. Улмаар Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөж байгаа урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичигт дүн шинжилгээ хийж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.
Энэ хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөлд хамаарахгүй, мөн хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй төрөөс баримтлах 12 бодлого, 4 үндэсний хөтөлбөр, дунд хугацааны 1 стратеги буюу 17 баримт бичгийг хүчингүй болгохоор тогтоолд тусгажээ. Эдгээр баримт бичиг нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй агуулгын давхардал, зөрчил үүсгэж байгааг төслийн танилцуулгад дурджээ.
Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Засгийн газрын хэмжээнд хүчингүй болгож буй хэдэн баримт бичиг байгааг тодруулав.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Засгийн газрын 300 гаруй баримт бичиг байдгаас саяхан 60 гаруйг нь хүчингүй болгосныг онцлов. Мөн бүх бичиг баримтад хяналт шинжилгээ хийж байгаа бөгөөд нэг дор шууд хүчингүй болгож болохгүй гэдгийг дурдсан юм.
Уг төслийг хэлэлцэхийг УИХ-ын чуулганд оролцсон 42 гишүүний 54.8 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.