“Startup weekend” Говь-Алтай хөтөлбөрийн шилдгүүд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-26 15:29:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд шинэ технологи, инновац бүхий шинэлэг санал, санаачилга гаргаж, аж ахуй эрхлэх хүсэлтэй 18-34 насны залуучуудын багийг шалгаруулж дэмжлэг үзүүлдэг билээ. 

Тэгвэл энэ онд орон нутгийн залуучуудын бизнес санааг дэмжих, залуучуудаар удирдуулсан брэндийг бий болгох зорилгоор “Startup weekend” Говь-Алтай хөтөлбөрийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар, “Стартап Монгол” ТББ-тай хамтран зохион байгуулж, аравдугаар сарын 25-нд шилдгүүдээ шалгаруулав. Энэ удаа тус арга хэмжээнд 21 залуу, залуучуудын баг оролцож бизнес санаа, загвараа танилцуулснаас:

1-р байрт “Алтайн брэнд гоёл” баг шалгарч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 10,0 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг авах эрхтэй боллоо. Харин хоёрдугаар байрт “Гар урлал, сийлбэр” баг, гуравдугаар байрт “Видео контент” баг шалгарч аймгийн Засаг даргын Тамгын газар, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас тус бүр 10,0 сая төгрөгийн зээлийг олгохоор боллоо. 

Шалгарсан багууд 11 дүгээр сард Улаанбаатар хотод болох үндэсний хэмжээний “Startup” үйл ажиллагаанд оролцоно хэмээн аймгийн ХХҮГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ