АНУ, Европын орнууд БНАСАУ-ын туршилтыг зэмлэн буруушаажээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-10-21 10:32:13

НЬЮ-ЙОРК. /АР/. АНУ болон Европын Холбооны хэд хэдэн орон БНАСАУ-ын саяхан явуулсан пуужингийн туршилтыг лхагва гарагт зэмлэн буруушаагаад, тус улсын цөмийн, пуужингийн хөтөлбөрүүд, эдийн засгийн үйл ажиллагаанд тавьсан НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг сайжруулахыг уриалжээ.


АНУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгч Линда Томас-Гринфилдийн хувьд Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн “өдөөн хатгалгаа” зогсоохыг БНАСАУ-д уриалсан байна. Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын төлөө АНУ-ын засаг захиргаатай нөхцөл болзолгүйгээр хэлэлцээгээ эхлүүлэх хэрэгтэй гэв.


Мөн НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг бүх улс оронд хандан уриалаад, ингэснээр БНАСАУ-ыг баллистик пуужингийн хөтөлбөр, үй олноор хөнөөх зэвсгүүдийг хөгжүүлэхэд шаардагдах санхүүжилт, технологи, мэдлэг туршлагыг олж авахаас сэргийлж чадна гэдгийг онцлон хэлжээ. 

Холбоотой мэдээ