Ирландад халдвар авсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 45 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-10-19 12:41:03

ДАБЛИН. /Xinhua/. Ирландад коронавирусний халдвар авсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо сүүлийн хоёр долоо хоногт 45 гаруй хувиар өссөн нь эрүүл мэндийн тогтолцоонд асар их дарамт учруулж байна гэж тус улсын үндэсний “RTE” суваг даваа гарагт мэдээлжээ.


Тодруулбал, даваа гаргийн өглөөний найман цагийн байдлаар халдвар авсан 484 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Энэ нь хоёр долоо хоногийн өмнөх буюу 333 хүн хэвтэн эмчлүүлж байсантай харьцуулахад 45 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ.


Түүнчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 73 нь эрчимт эмчилгээний тасгуудад хэвтэж байна гэж мэдээлэлд дурджээ.


Засгийн газрын харьяа эмнэлгүүдэд эрчимт эмчилгээний тасгийн насанд хүрэгчдэд зориулсан 11 ор байгаа бол хүүхдийн нэг ор үлдсэн гэж Ирландын нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ хариуцсан төрийн байгууллага болох Эрүүл мэндийн газраас ням гарагт мэдэгджээ.


Үүнтэй холбогдуулан Ирландын Засгийн газар өнөөдөр хуралдаж, коронавирусний хязгаарлалтын арга хэмжээг цуцлах талаар өмнө нь зарласан төлөвлөгөөгөө баасан гаргаас эхлэн хэрэгжүүлэх эсэхээ шийдэхээр болжээ.


Ирландад халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан өнгөрсөн долоо хоногийн эхээр тус улсын Ерөнхий сайд Майкл Мартин орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, баасан гарагт цуцлахаар төлөвлөсөн хязгаарлалтын арга хэмжээ нь төлөвлөсний дагуу цуцлагдана гэсэн баталгаа байхгүй болохыг онцолжээ.


Тус улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хүн хоорондын зай барих журмыг хэрэгжүүлэх, зочлох үйлчилгээний салбарт вакцинд хамрагдсан гэрчилгээг үргэлжлүүлэн шалгахыг уриалсан байна.


Улс даяар сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1578 тохиолдол шинээр бүртгэгджээ.  

Холбоотой мэдээ