Азийн танхимын болон тулааны спортын VI наадмын бүртгэл үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-18 16:55:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн танхимын болон тулааны спортын 6 дугаар наадамд оролцох боломжтой Монголын спорт холбоодыг 2021 оны 11 дүгээр сарын 1 хүртэл бүртгэнэ.


Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн ивээл дор зохион байгуулдаг тус наадам 2022 оны 3 дугаар сарын 10-20-нд Тайландын Бангкок болон Чонбури хотод болох юм.


Монголчууд энэхүү наадамд усанд сэлэлт, 3х3 сагсан бөмбөг, бадминтон, бильярд, боулинг, хөгжөөн дэмжигчид, шатар, хадан хананд авиралт, бүжгийн спорт, е-спорт, футзал, хөнгөн атлетик, сэлүүрт завь, жюү-жицү, каратэ, кикбокс, кураш, муай-тай бокс, самбо, буудлага, скейтборд, таеквондо, волейбол, агаарын спорт зэрэг төрлөөр өрсөлдөх боломжтой.


Ирэх жилийн уг наадамд АОЗ-ийн 45 орноос гадна далайн орнуудын төлөөлөл 18, нийт 63 улсын баг тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм.


Манай тамирчид 2017 онд Туркменистаны Ашгабат хотноо болсон өмнөх наадмаас 5 алт, 10 мөнгө, 15 хүрэл, нийт 30 медаль хүртэж, багийн дүнгээр 63 орноос 13 дугаар байрт бичигдэж байжээ.

Холбоотой мэдээ