Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-10-15 18:43:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын Эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит 3 дугаар хуралдаан өнөөдөр цахим хэлбэрээр боллоо.

Зөвлөлийн хуралдаанд Монголын төлөөлөгчдийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Хятадын төлөөлөгчдийг БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жижэ даргалж, хоёр улсын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцов.

Хуралдааны үеэр талууд эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаа шинэ төслүүдийн талаар танилцуулав. Хоёр талын хооронд ярилцаж ирсэн зарим томоохон төслийн хэрэгжилтийг идэвхжүүлэх талаар мөн ярилцав. Тухайлбал, манай улсын өмнөд бүс нутгийн нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, экспортлох цогцолбор байгуулах, нийслэл Улаанбаатар хотод тойрог хурдны авто зам, баганан тулгуурт хөнгөн галт тэрэг шугам барих болон Багануурын ДЦС-ын хүчин чадлыг бүрэн ашиглахад шаардлагатай агаарын шугам, дэд станц барих төслүүдийг БНХАУ-ын талтай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.



Урд хөршийн ААН-үүд манай улсад хэрэгжүүлж буй эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарын төслүүдэд олон улсын нээлттэй тендерт оролцох байдлаар хамтран ажиллах боломжтойг сайд Г.Ёндон сайд тэмдэглэв.

Мөн тэрээр Монголын тал түүнчлэн ААН-үүд нүүрсний худалдааны урт хугацааны гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор чингэлгээр нүүрс тээвэрлэхийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн чиглэлээр хоёр улсын хооронд төмөр замаар харилцан холбогдох ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа хурлын үеэр илэрхийллээ.


 Хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын түвшинд хүрсэн тохиролцооны хүрээнд нүүрсний худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах, боомтын нэвтрүүлэлтийг сайжруулахад анхаарч, холбогдох арга хэмжээг  авч буйг Хятадын тал илэрхийлсэн байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг хоёр улсын холбогдох аж ахуйн нэгжүүд тохиролцсонд баяртай байгаагаа талууд илэрхийлж, уг тохиролцоог ГХЯ-дын шугамаар шуурхай баталгаажуулж, төмөр замыг холбох дэд бүтцийн байгууламжийг барихад идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэжээ. 


“Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилтийг урагшлуулахад анхаарч ажиллахаа талууд илэрхийлээд хуралдааны дүнгээр протокол гаргаж, хэрэгжилтийг нь хэлэлцэх хурлыг хагас жил тутам зохион байгуулж байхаар тохиролцсон байна.

Холбоотой мэдээ