АСЕМ-ын үеэр Өмнөд Солонгос, Япон хоёр Дээд хэмжээний уулзалт хийж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-06 13:32:44

СӨҮЛ. /canmua/. Монгол Улсад долдугаар сарын 15-нд эхлэх Ази-Европын удирдагчдын уулзалтын үеэр Дээд хэмжээний уулзалт хийх саналыг Японы тал Өмнөд Солонгост тавихаар төлөвлөж байна гэж Япон-Солонгосын харилцааны асуудалд ойр байдаг эх сурвалж мэдэгдлээ.

Харин Өмнөд Солонгос энэ саналд ямар хариу өгөх нь тодорхойгүй байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын нөлөө бүхий албан тушаалтан мягмар гарагийн өглөө сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “дээд хэмжээний уулзалт хийх тухайд тодорхой ахиц дэвшил алга” гэсэн юм.

Харин дээр дурдсан эх сурвалж Дээд хэмжээний уулзалт болохыг үгүйсгээгүй бөгөөд “Ерөнхий сайд Шинзо Абэ, Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар уулзах боловч тэдний уулзалт богинохон хугацаанд болж магадгүй” гэв.

АСЕМ-ын уулзалт Монголын нийслэл Улаанбаатар хотод 2 хоног үргэлжлэх юм.

Абэ, Пак нар албан тушаалаа авснаас хойших анхны дээд хэмжээний уулзалт өнгөрсөн оны 11 дүгээр сард Сөүлд болсон бол энэ оны 3 дугаар сард Вашингтонд дахин уулзжээ.

Японы Эзэн хааны армийнхан дэлхийн II дайны үед “зугаацуулагч эмэгтэйчүүд” (comfort women) гэх нэрийдлээр солонгос эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан гэх асуудлаар өнгөрсөн оны 12 дугаар сард түүхэн тохиролцоонд хүрсэн нь Япон болон Өмнөд Солонгосын харилцаанд гарсан томоохон үйл явдал билээ.

Уг хэлэлцээрийн хүрээнд нас дээр гарсан тэдгээр эмэгтэйчүүдэд туслах зорилгоор байгуулсан санд Токиогийн эрх баригчид 1 их наяд иен буюу 9.8 сая доллар өгөхөө амласан юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ