Тусгай олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдыг урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-07 11:27:21

Ховд /МОНЦАМЭ/. Өнөөдөр Ховд аймгийн Засаг дарга болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Тусгай олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдыг шагнаж урамшууллаа. 

Тодруулбал, Э.Энхтуул 2019 оны гуравдугаар сард Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон Тусгай олимпын зуны наадмаас Бочё төрлөөр хүрэл медаль хүртсэн тул 8 сая 352 мянган төгрөгөөр шагнав.

Мөн М.Сумъяабээс 2018 оны 11 дүгээр сарын 16-17-нд Япон Улсын Токио хотод болсон олон улсын нээлттэй тэмцээнээс ширээний теннисний төрөлд алтан медаль хүртсэн тул 7 сая 440 мянган төгрөг,  Б.Мөнх-Эрдэнэ 2018 оны аравдугаар сард Тайванийн Тайфу хотод болсон Азийн тусгай олимпын зуны наадамд хөнгөн атлетикийн 400, 800 метрийн гүйлтээр хошой хүрэл медаль хүртсэн тул 3 сая 720 мянган төгрөгөөр тус тус шагнан урамшууллаа.   
Монгол
Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн нэгдэх хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийн 33, 4, Төсвийн тухай хуулийн 10.1.14,  41.2.2-т  заасныг тус тус үндэслэн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам дэлхийн зэрэглэлийн тэмцээнд медаль хүртсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох мөнгөн тэтгэмжийн төсвийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргах Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу энэхүү мөнгөн шагналыг олгосон гэж ЗДТГ-аас мэдээллээ.        

Холбоотой мэдээ