Завхан аймагт малын хулгай буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймагт сүүлийн хоёр жил дараалан малын хулгай гарах нь багасч, малын хулгайн илрүүлэлт сайжирчээ.
Энэ нь малчид хараа хяналтаа сайжруулсан, малчдын малын хулгайн талаарх ойлголт нэмэгдэж түргэн шуурхай цагдаагийн газар мэдээлдэг, холбогдох албаныхны байнгын харилцаа холбоо сайжирсантай холбоотой хэмээн албаныхан үзэж байна. Тухайлбал Завханы малчид малын хулгай, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, мэдээлэл авах, түгээх, урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай түргэн тусламжийн “Малчны лавлах 109” тусгай дугаарт хандаж сураад буй юм. Учир нь энэхүү лавлах бүх үүрэн телефоны дугаараас үнэ төлбөргүй бөгөөд 24 цагийн турш ажиллах аж. Түүнчлэн малчдаас ирсэн малын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион байгуулж буй нь малчдын эрэлт хэрэгцээг бүрэн хангаад буй юм.
Завхан Б.Мягмарсүрэн