“BioNTech” хорт хавдрын эсрэг вакцины хоёрдугаар үе шатны туршилтыг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2021-10-02 15:44:30

БЕРЛИН. /Anadolu/. Германы “BioNTech” эмийн компани матрицын рибонуклейн хүчилд /мРНХ/ суурилсан хорт хавдрын вакцины хоёрдугаар үе шатны туршилтыг эхлүүлснээ баасан гарагт мэдэгдлээ. 


“BNT122” хэмээх мРНХ вакцины хоёрдугаар үе шатны туршилтын хүрээнд бүдүүн гэдэсний хорт хавдартай эхний өвчтөнд вакцин хийлээ гэж тус компанийн мэдэгдэлд дурджээ. 


“BioNTech” компанийн хамтран үүсгэн байгуулагч Озлем Туречигийн мэдээлснээр, энэхүү туршилт нь хорт хавдартай өвчтөнүүдэд зориулсан дархлааны эмчилгээг бий болгохын төлөөх олон жилийн хүчин чармайлтын чухал хэсэг ажээ. 


“Өвчтөнүүд мэс заслын дараа хорт хавдраасаа ангижирсан харагддаг ч хэсэг хугацааны дараа дахин сэдрэх тохиолдол гардаг. Бүдүүн гэдэсний хорт хавдартай өвчтөнүүдийг хамруулах эмнэлзүйн туршилтаар бид өндөр эрсдэлтэй өвчтөнүүдийг цусны шинжилгээгээр тодорхойлж, мРНХ вакцин хавдрыг дахин сэдрэхээс сэргийлэх эсэхийг судална” гэж тэрбээр ярьжээ. 


АНУ, Герман, Испани, Бельгид явуулах энэхүү туршилтад бүдүүн гэдэсний хорт хавдартай, өндөр эрсдэлтэйд тооцогдох 200 орчим өвчтөнийг хамруулах ажээ. Бүдүүн гэдэсний хорт хавдар нь аминд халтай хорт хавдруудын хоёрдугаарт бичигддэг. 


“BioNTech”-ийн мРНХ-д суурилсан, “COVID-19”-ийн эсрэг вакцин нь АНУ, Европын Холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн анхны вакцин болж, халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барахаас өндөр хувиар хамгаалж буй юм.

Холбоотой мэдээ