Элчин сайд нар крикетийн тэмцээн үзэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-27 17:59:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын крикетийн холбоо /МКХ/-ноос залуу тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх "One Day Series" тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулав.

 

Энэхүү тоглолтын онцлог нь баг тус бүр “50 Over” буюу 300 хүртэлх бөмбөг шидэж бүтэн өдрийн турш өрсөлддөг. Энэ жилийн тэмцээнийг Кристина Нобелийн Хүүхдийн сантай хамтран зохион байгуулсан юм. Тэмцээний шувтаргын тоглолтыг үзэж сонирхохоор БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохиндер Паратап Сингх, АНУ-ын Элчин сайд Майкл С. Клечески, ИБУИНВУ-ын Элчин сайд Филип Малон, Австрали Улсын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Нил Сандерсон нар хүрэлцэн ирсэн байна.

 

Хаалтын ажиллагааны үеэр Элчин сайд нар залуу тамирчдад спортын өндөр амжилтыг хүсэн ерөөж, шилдэг тамирчдын шагналыг гардуулсан юм.


 

Цар тахал /Ковид-19/-ын нөхцөл байдлаас хамаарч крикетийн насанд хүрэгчдийн Үндэсний лиг, Өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнүүд зохион байгуулах боломжгүй байгаа юм.

 

МКХ 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2013 оноос нийслэл, аймгуудын Биеийн тамир спортын газруудтай хамтран ЕБС болон их, дээд сургуулиудыг түшиглэн сургалт, хөтөлбөр зохион байгуулж иржээ.

 

Тус холбооны хүсэлтийг Олон улсын крикетийн холбоо /International Cricket Council/ хүлээн авч 2021 онд гишүүнээр элсүүлсэн нь манай хүүхэд, залуучуудын авьяас чадварыг ирээдүйд тив, дэлхийд таниулах боломжийг нээж буй юм. Өнөөдөр МКХ-ноос хэрэгжүүлсэн сургалт, хөтөлбөрт 2000 гаруй хүүхэд, залуус хамрагдаад байна. Холбооноос крикетийн спортод хүүхдийн нас, хүйс, тусгай хэрэгцээ, нийгмийн гарал үүслээс үл хамааран тэгш хүртээмжтэй хамруулах, багийн спортоор дамжуулан тэдний нийтэч, багаар ажиллаж байдлыг төлөвшүүлэхийг зорилгоо болгон ажилладаг. Энэ хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдийг крикетийн спортод хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулдаг юм байна.

Холбоотой мэдээ