Австралид коала баавгайн тоо толгой буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-09-22 17:15:02

КАНБЕРРА. /CNN/. Австралид ган гачиг, ойн түймрийн аюул нүүрлэж, бүтээн байгуулалт хийхийн тулд ой моддыг сүйтгэсний улмаас сүүлийн гурван жилийн хугацаанд коала баавгайн тоо толгой ойролцоогоор 30 хувиар буурсныг тус улсын Коала хамгаалах сангаас мягмар гарагт мэдээлжээ.


Тодруулбал, 2018 онд коала баавгайн тоо толгой 80 мянга гаруйгаар тоологдож байсан бол энэ онд 58 мянга орчимд хүрч буурчээ. Түүнээс Шинэ Өмнөд Уэльс мужид тоо толгой нь хамгийн ихээр буюу 41 хувиар буурсан байна. Эдгээр нь нэлээд ноцтой үзүүлэлт болохыг Коала хамгаалах сангийн тэргүүн Дебора Табарт анхааруулжээ.


Мөн дээр дурдсан хугацаанд Австралийн аль ч нутагт коаланы тоо толгой өссөн үзүүлэлт ажиглагдаагүй бөгөөд ганцхан бүсэд 5000-аас дээш коала амьдарч байсан бол зарим бүсэд 5-10-т хүрч цөөрчээ. Иймд коала баавгайг хамгаалах хууль хэрэгтэй байгааг Д.Табарт онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ