Японы Ерөнхий сайд АНУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-21 14:26:33

ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ есдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд АНУ-д айлчилна гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Като Кацунобу мэдээлжээ.


Түүний мэдээлснээр, Японы Ерөнхий сайд есдүгээр сарын 24-нд болох Аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талын /Австрали, Энэтхэг, АНУ, Япон/ яриа хэлэлцээнд оролцохоор АНУ-д айлчилна.


“Энэхүү уулзалтаар шинэ коронавирусний тархалттай тэмцэх зэрэг бүс нутгийн чухал асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Бид мөн энэхүү уулзалтыг ашиглан Энэтхэг, Номхон далайн бүс нутгийг нээлттэй, чөлөөтэй байлгах үзэл баримтлалыг сурталчилна гэж найдаж байна” гэж Като цохон тэмдэглэжээ. Тэрбээр мөн “Япон, АНУ-ын удирдагчдын тусдаа уулзалтыг зохион байгуулах асуудал зөвших шатандаа” байгааг мэдээлсэн байна.


Аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талын яриа хэлэлцээг 2007 онд эхлүүлжээ. Ази, Номхон далайн бүс нутаг болон Энэтхэгийн далайн бүс нутгийн хамтын ажиллагааны энэхүү механизмд Вашингтон, Канберра, Шинэ Дели болон Токио нэгджээ. Австрали, Энэтхэг, АНУ, Япон улсын Гадаад хэргийн сайд нарын дөрвөн талын анхны уулзалт 2019 оны есдүгээр сард Нью-Йоркт болсон бол “дөрвөл”-ийн удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалтыг энэ онд цахим хэлбэрээр зохион байгуулжээ.


Холбоотой мэдээ