Халдварын батлагдсан тохиолдлын 50 орчим хувь нь Улиастайд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-09-17 16:01:20

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн 24 цагт 303 сорьцод РCR шинжилгээ хийхэд 203 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдаж, нийт батлагдсан тохиолдол 5708 боллоо гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

Аймгийн хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 696, өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр эмчлүүлж буй 829 хүн байна. Үүнээс Улиастай сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад 508 иргэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт коронавирусний халдвар авч эмчлүүлж буй иргэдээс 167 иргэн эдгэрчээ. Халдварын батлагдсан тохиолдлын  50 орчим хувь нь Улиастайд, 14 хувь нь Тосонцэнгэл, зургаан хувь нь Дөрвөлжин, Их-Уул суманд бүртгэгджээ.

Тандалтын судалгаагаар коронавирусний халдварын нэгдүгээр хавьтал болсон 1474 иргэн байна. Харин гэрийн тусгаарлалтад 1793, тусгаарлан ажиглах байранд 12, тусгаарлалтад 243 иргэн нэмэгдээд байна. Халдварын тоо буурахгүй байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг дахин зөвлөж байна гэж Эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс мэдээлэв. 


Холбоотой мэдээ