"Ноёд" группийн ерөнхий захирал Г.Буяндорж гэр бүлийн хамт хугацаагүй суулт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-15 12:15:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа нар прокуроруудын авлигын сүлжээг илчилж, өнөөдрөөс УЕПГ-ын гадаа хугацаагүй суулт зарлаж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.


"Ноёд" группийн ерөнхий захирал Г.Буяндорж хэлэхдээ,Прокурорын байгууллагад энэ оны гуравдугаар сарын 3-нд өгсөн миний гомдлын хариу өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Иргэний гаргасан өргөдөл, гомдлыг шийдэх үүргээ прокурорын байгууллага биелүүлэхгүй, ёс зүйн хороог хуралдуулахгүй байна. Тэр бүү хэл миний гаргасан гомдолтой холбоотой Ц.Батболдыг дүүргийн прокуророос УЕПГ-ын хэлтсийн дарга болгон дэвшүүлсэн байна. Үүнээс харахад прокурорын байгууллага дотооддоо ёс зүйн хариуцлага тооцож чадахгүй болж” гээд дараах 2 шаардлагыг тавьж буйгаа хэллээ.


  1. Ёс зүйн хороог хуралдуулах, Ц.Батболд нарын прокуроруудад ёс зүйн хариуцлага тооцох  
  2. Миний компанийг залилсан этгээдүүдтэй холбоотой 25 тэрбум төгрөгийн хэргийг шүүхэд шилжүүлэхийг шаардаж байна




Харин түүний гэргий МУГЖ Т.Ариунаа хэлэхдээ, “Миний хань яаж хэлмэгдэж,  ямар хүнд нөхцөлд байсныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд мэдэх цорын ганц гэрч нь би. Прокурорууд манай гэр бүлийг 10 жилийн турш сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд оруулсан. Хэзээ ирж хаалга цохиж, хэзээ нөхрийг минь хорих бол, хэзээ суллах бол гэдэг хүлээлт, цөхрөл, гомдол дунд бид амьдарсан. Бидний бүтээн байгуулсан хөрөнгөн дээр шударга бусын хонгилын прокурорууд эзэн суучихаад юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Тиймээс төрийн хувцас өмссөн хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна” гэлээ.


Г.Буяндорж мэдээлэл хийхдээ, "Би 2011 оноос хойш 16 удаагийн шүүх хурлаар шүүгдэн 409 хоног цагдан хоригдож, 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгөө алдсан. Өнөөдөр энэ асуудлыг ярихад бид хоёртой адил цөхөрсөн олон энгийн ард байна. Ганцхан жишээ хэлэхэд, манай компанийн үл хөдлөх хөрөнгийг дээрэмдэж авсан өмгөөлөгч шүүгч болчихсон байна” гэв.




Гэрэл зургийг Н.Батбаяр 

Холбоотой мэдээ