Юанийн ам.доллартой харьцах ханшийг чангаруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-09-13 13:22:18

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Ардын банк /Төв банк/ үндэсний валютынхаа ам.доллартой харьцах ханшийг 69 суурь нэгжээр өсгөснөөр нэг ам.доллар 6.4497 юаньтай тэнцжээ. Тус банкны статистик мэдээллээс үзвэл энэ нь зургаадугаар сарын 18-наас хойш ханш чангарсан хамгийн дээд үзүүлэлт аж.


Энэ жил юанийн ам.доллартой харьцах ханшийн хоёр чиглэлт хэлбэлзэл хэвийн үзэгдэл байх болно гэж Хятадын Ардын банкны мөнгө-зээлийн бодлогын газрын дарга Сунь Гофэнь нэгдүгээр сард мэдэгдсэн байна. Тэрбээр мөн БНХАУ үндэсний валютынхаа ханшийг боломжийн, тэнцвэртэй хүрээнд хадгална" гэдгийг онцолжээ.


2020 онд цар тахалтай холбоотойгоор юанийн ам.доллартой харьцах ханш хэдэн сарын турш суларсан юм. 2020 оны тавдугаар сард Хятадын Ардын банк үндэсний валютынхаа ханшийг 2008 оны хоёрдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүргэж сулруулснаар нэг ам.доллар 7.1316 юаньтай тэнцжээ. Гэсэн хэдий ч үүнээс хойш юанийн ам.доллартой харьцах ханш аажмаар чангарч эхэлсэн байна.


Холбоотой мэдээ