Монгол Улсын Консерваторын сургуульд 5 сурагч суралцахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-09-10 17:07:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Консерваторын сургуулийн Ардын бүжгийн ангид Дундговь аймгаас 90 хүүхэд шалгуулснаас 5 сурагч тэнцэж, тус сургуульд суралцахаар боллоо.

Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр аймгийнхаа соёл, урлагийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлогын хүрээнд 2005 онд театрын бүжигчдийг Хөгжим бүжгийн коллежид ангиар нь бэлтгэн төгсгөж, өдгөө 16 жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа.

Тэдний залгамж халааг бэлтгэх, орон нутгийн мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэх зорилгоор 9 дүгээр сарын 6-8-нд тус сургуульд элсэгчдийг сонгон шалгаруулах шалгалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулжээ.

Шалгалтад "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн сурагч Э.Тэнгис, Адаацаг сумын дунд сургуулийн сурагч А.Доржпалам, "Хүмүүнлэг" сургуулийн сурагч М.Сормуун, "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн сурагч Т.Анхзаяа, мөн сургуулийн сурагч Н.Төгөлдөр нар тэнцэж, Монгол улсын консерваторын сургуульд суралцах эрхийн бичгээ гардан авчээ.

Холбоотой мэдээ