Нөхөх сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг өнөөдөр хүлээж авч дуусна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нөхөх сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээж авах ажил өнөөдөр 23.59 цагт дуусгавар болно гэдгийг СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа мэдээлэв.
Өнөөдөр 12.30 цагийн байдлаар, хоёр нам, нэг бие даан нэр дэвшигч баримт бичгээ СЕХ-нд хүргүүлээд байна. Нийт есөн нам, нэг эвсэл нөхөх сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд баримт бичгийг хүлээн авах цагийн хуваарийг урьдчилан тохирсон байна. Цагийн хуваарийн дагуу нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид баримт бичгээ хүлээлгэн өгөх юм.
Баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын тав хоногийн дотор СЕХ хуралдаж, нэр дэвшигчдийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана. Уг шийдвэр гарснаас хойш буюу есдүгээр сарын 18-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулснаар сонгуулийн сурталчилгаа эхлэх юм.
СЕХ-нд байгуулсан ажлын баг нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч нягтлан, шалгаад, хорооны хуралдаанд танилцуулахаар бэлтгэн ажиллаж байна.
Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн хувьд, 89 хэсгийн хороотой, 47 мянган сонгогч бүртгэлтэй байгаа юм. Харин Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо 59 хэсгийн хороотой бөгөөд сонгогчдын тоог эцэслэн гаргаагүй байна. Нөхөх сонгуулийн зохион байгуулах ажилд 900 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Нам, эвсэл, бие даагчдын баримт бичгийг СЕХ дараах хуваарийн дагуу хүлээн авна.