Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 7.4 хувиар нэмэгдсэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-31 16:30:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 7 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 7.4, өмнөх оны эцсийнхэээс 8.4, өмнөх сарынхаас 1.3 хувиар нэмэгдлээ. 


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 7.4 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.2 (мах, махан бүтээгдэхүүн 16.0 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.7 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.4, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.6, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 5.5 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 5.6, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 13.7 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.


Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 7 дугаар сард өмнөх оны эцсийнхээс 8.4 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.8, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.1, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.8, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 12.2 хувиар өссөн нь нөлөөлжээ.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 7 дугаар сард өмнөх сарынхаас 1.3 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувиар буурсан ч ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 2.2 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.6, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.6, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9 хувиар өссөн нь нөлөөлөв.


Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны 7 дугаар сард 7.7 хувь, 2019 оны 7 дугаар сард 7.7 хувь, 2020 оны 7 дугаар сард 3.4 хувь гарч байсан бол энэ оны 7 дугаар сард 7.4 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс 4 пунктээр нэмэгдлээ.


Инфляцын түвшин энэ оны 7 дугаар сард улсын хэмжээнд 7.4 хувь гарсны 3.2 нэгж буюу 43.2 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна.


Инфляц энэ оны 7 дугаар сард 7.4 хувь гарсны 50 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеийнхээс 32.4 пунктээр нэмэгдэв.


Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 2020 оны 7 дугаар сард 7.1 хувиар, 2021 оны 7 дугаар сард 10.2 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурдац 3.1 пунктээр, хүнсний бус бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2020 оны 7 дугаар сард 1.8 хувиар, 2021 оны 7 дугаар сард 6 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурдац 4.2 пунктээр нэмэгджээ.


Барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 2020 оны 7 дугаар сард 3.4 хувиар, 2021 оны 7 дугаар сард 8.8 хувиар өсөж, өсөлтийн хурдац 5.4 пунктээр нэмэгдэж, үйлчилгээний бүлгийн үнэ 2020 оны 7 дугаар сард 3.4 хувиар, 2021 оны 7 дугаар сард 3.1 хувиар өсөж, өсөлтийн хурдац 0.3 пунктээр багассан аж.


Хэрэглээний үнийн индексийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзэхэд 2021 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод барааны бүлгийн үнэ 9.6, үйлчилгээний бүлгийн үнэ баруун болон зүүн бүсэд 3.4 хувиар нэмэгдсэн нь хамгийн их байна.


Хэрэглээний үнийн индексийг хүнс, хүнсний бус бүлгээр авч үзэхэд 2021 оны 7 дугаар сард баруун бүсэд хүнсний бүлгийн үнэ 12.9, хүнсний бус бүлгийн үнэ нийслэлд 6.8 хувиар нэмэгдсэн нь хамгийн их байв.


Мах, махан бүтээгдэхүүний үнэ энэ оны 7 дугаар сард өмнөх оны эцсийнхэээс 35 хувиар нэмэгдэж, өмнөх сарынхаас 2.2 хувиар багаслаа. Өмнөх оны мөн үеийнхээс 16 хувиар нэмэгдэхэд үхрийн махны үнэ 13.7, хонины ястай махны үнэ 17.9 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Холбоотой мэдээ