"School Police" хэрэгжсэнээр сургууль орчмын осол 30-40 хувь буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-31 16:56:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хичээл эхэллээ” арга хэмжээний хүрээнд сургууль орчмын эрсдэлийн үнэлгээг хийж, 9 дүгээр сарын 1-нд ажиллах "School рolice" эцэг эхчүүдэд заавар зөвлөгөө өгчээ. Энэ тухай ТЦА-аас хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулахдаа мэдээлэв. 


Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ЕБС-ийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.


ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, "Сургуультай дөрвөлсөн гэрээ байгуулж, цагдаагийн байгууллага сургууль орчмыг камержуулж байгаа бөгөөд эцэг эхийн эргүүл хэрхэн ажиллаж байгааг, мөн автомашин явган зорчигчид зам тавьж өгч буй байдлыг хянах бололцоо сайжирсан. 




"School Police" хэрэгжсэнээр сургууль орчмын гарц дээр хүүхэд автомашинд мөргүүлэх, дайруулах ослын тоо 30-40 хувиар буурсан. Энэ жил "School Police"-г үүрэгжүүлж, чиглэлийг сургуулийн удирдлагуудад өгсөн" хэмээлээ.

Холбоотой мэдээ