Үерийн усанд боогдсон 98 иргэдийг аварчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Үерийн усанд боогдсон 98
иргэний амь насыг авран хамгаалж, 253 малыг нүүлгэн шилжүүлжээ.
Монгол орны баруун аймгуудын нутгаар энэ сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Сэлэнгэ мөрөн үерлэж, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутгаар энэ сарын 25-29-ний өдрүүдэд үерийн аюултай түвшинд хүрч үерлээд байгаа. Энэхүү үүссэн нөхцөл байдлын улмаас аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч, хошууч Т.Сүхбаатараар ахлуулсан 11 алба хаагч, хоёр автомашин, хоёр завь. Орон нутгаас Зүүнбүрэн сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан 17 хүн, дөрвөн автомашин нийт 28 хүн, найман техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Аврах албаныхан үерийн усанд боогдож, үерт автсан 98 иргэнийг гэрийн эд зүйлсийн хамт үерийн уснаас аюулгүй газарт байрлуулан, амь насыг нь авран хамгаалжээ. Мөн таван автомашин, хоёр трактор, 93 бод мал, 160 бог мал, гурван тн ногоог нүүлгэн шилжүүлсэн байна.







