Хүүхэд, залуус уур амьсгалын өөрчлөлтийн талаар дуу хоолойгоо нэгтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-08-27 15:32:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүүхэд, залуус уур амьсгалын өөрчлөлт болон агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх нь” төслийн нээлт Монголын Залуучуудын өдөр олон нийтэд нээлттэй цахим хэлбэрээр боллоо. 

Дээрх төслийг Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон Швейцарын хөгжлийн агентлаг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийг хойшлуулшгүй, нэн шаардлагатай болохыг ухамсарлан, хүүхэд, залууст уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлын талаар дуу хоолойгоо хүргэхэд нь туслах зорилгоор олон улсын “Пипл Ин Нийд” ТББ, Монголын скаутын холбоотой хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх үндэсний хэмжээний судалгааг хүүхэд, залуусын оролцоонд тулгуурлан зохион байгуулж, идэвхжүүлж байна. Ингэснээр тэдний санал бодлыг үндэсний болон олон улсын түвшний шийдвэр гаргагчдад хүргэх юм.




Төслийн нээлтэд 120 гаруй залуу оролцож, уур амьсгалын өөрчлөлт нь ирээдүй хойч үеийнхэнд ямар аюул учруулж болохыг, хүүхэд залуус хэрхэн нэгдэж өөрчлөлтийг авчрах боломж байгаа талаар хэлэлцэж, залуу манлайлагчдын хамт санал бодлоо хуваалцлаа. Уулзалтын гол зочин илтгэгч, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын (UNFCCC) үндэсний зохицуулагч, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Монгол Улсын тусгай элч З.Батжаргал дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал, түүний Монгол Улсад үзүүлэх нөлөөллийн талаар илтгэл тавьж танилцуулсан юм.

Мөн Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Уур амьсгалын өөрчлөлт ба цэвэр агаар төслийн зохицуулагч С. Алтанцэцэг нээлтийн үеэр онцлон хэлэхдээ, “Хүүхдийн цэвэр аюулгүй орчинд амьдрах эрхийг Хүүхдийн эрхийн конвенцод баталгаажуулсан боловч хүүхэд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж, дэлхий дээрх 1 тэрбум хүүхэд маш өндөр эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Байгаль орчноо ирээдүй хойч үедээ унаган байдлаар нь үлдээж, хамгаалахын тулд илүү их зүйлийг хийх ёстой. Үүний тулд хүүхэд, залуусыг сонсож, тэдний үйл хэргийг дэмжих шаардлагатай. 




Монгол Улс дан ганцаараа үүнийг хийхэд хангалтгүй тул НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд, залуучууд ба уур амьсгалын өөрчлөлтийн тухай Засгийн газар хоорондын тунхаг бичигт нэгдэхийг улс орнуудаас хүсэж байна. Бид хүүхдийн хүрээлэн байгаа орчны эрхийг хангахын тулд уур амьсгалын өөрчлөлтийн талаар илүү мэдлэг мэдээлэлтэй байж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна ” гэсэн юм.

НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр манлайлагч залуусын оролцоотой хэрэгжүүлж байгаа шинэ төсөл нь:

  • Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг арилгахын тулд инновац бүхий шинэлэг технологи ашиглан бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нартай хамтарч ажиллах, 
  • уур амьсгал, байгаль орчны бодлогыг хянах, "Цэвэр агаарын төлөөх хүүхэд залуучуудын сүлжээ (YOUCCAN)" платформыг өргөжүүлж, орон нутгийн болон үндэсний оролцогч талын дунд бодлогын яриа хэлэлцүүлэг өрнүүлэх юм. 

Дээрх шинэлэг хэрэгслийг нэвтрүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч идэвхтэн залууст эерэг хандлага, урам зориг өгөх юм.




УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нээлтийн үеэр онцлон тэмдэглэхдээ, “Би УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргын хувьд хүүхэд залуучуудын зүгээс уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлын талаар үзэл бодлоо илэрхийлж, санаа зовниж байгаад маш их талархаж, ач холбогдлыг нь үнэлж баршгүй байна. Эдгээр асар том сорилтыг даван туулахын тулд бид хүн бүрийн үзэл бодол, санал санаачилга, шийдлийг сонсож, үндэсний болон олон улсын бодлого боловсруулагчидтай хуваалцах шаардлагатай" гэсэн юм. 


НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн мэдээлснээр Монгол Улс дэлхийн дулааралд өртөх өндөр эрсдэлтэй орны нэг юм. Сүүлийн 70 жилд Монгол Улсын агаарын дундаж температур дэлхийн дунджаас 3 дахин хурдан өсөж, 2-оос дээш хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас давсан үзүүлэлт болж байна.


"Монгол орон уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэн гарах хямралын үр дагавар, ялангуяа хүүхэд, залуучст үзүүлэх нөлөөллийг бууруулахад оролцох шаардлагатай. Дэлхийн хамтын нийгэмлэг, иргэн бүр хүүхдийн байгаль орчны эрхийг өнөө үед ч, ирээдүйд ч хамгаалахын тулд одооноос эхлэн ажиллах ёстой” гэж олон улсын “Пипл Ин Нийд”ТББ-ын Монгол дахь захирал Тим Женкинс хэллээ.

НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын скаутын холбоотой хамтран Цэвэр агаарын төлөөх хүүхэд залуучуудын сүлжээг (YOUCCAN) үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлсэн бөгөөд тус сүлжээ нь уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулах онцгой зорилго бүхий залуусын дуу хоолойг илэрхийлэх цорын ганц талбар юм.


Холбоотой мэдээ