Ататуркийн нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа сэргээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-30 10:53:08

ИСТАНБУЛ./ВВС/.Туркийн Истанбул хотын Ататуркийн нисэх онгоцны буудалд зэвсэгт этгээдүүд дэлбэрэлт үйлдэж, гал нээснээс 4 цагийн дараа тус нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа үргэлжлүүлж эхэлжээ.

Гурван зэвсэгт этгээд Туркийн цагаар мягмар гарагийн оройн 10:00 цагийн үед тус нисэх онгоцны буудалд гал нээж, дараа нь өөрсдийгөө дэлбэлсэн юм. Туркийн Засгийн газрын мэдэгдсэнээр, уг халдлагад 42 хүн өртөн амь үрэгджээ.

Амь үрэгдсэн хүмүүсийн дунд Украин болон Ираны тус бүр нэг иргэн байжээ.

Уг халдлагын дараа бүх нислэгийг нэн даруй цуцалсан юм. Харин лхагва гарагийн үүрээр тус нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа хэсэгчлэн сэргээжээ. Зарим нислэгийг хойшлуулж, цуцалсан хэвээр байна. Явах газраа өөрчлөх эсвэл шинэ тасалбар худалдаж авах гэсэн хүмүүс урт дараалал үүсгэн зогсож байна.

Туркийн холбогдох албаны хүмүүс уг халдлагыг “амиа золиослогчийн халдлага” байсан гээд, “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой байж магадгүй гэлээ. Тус бүлэглэл лалын ариун Рамадан сарын үеэр халдлага үйлдэхийг дэлхий даяарх дагалдагч нартаа уриалж байсан билээ.

Гэхдээ одоогийн байдлаар уг халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ