Улсын хэмжээнд ЭЕШ-д 40 мянган шалгуулагч бүртгүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2021-08-19 10:03:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их, дээд сургуульд орох элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр улс орон даяар эхэлж байна. Энэ оны ЭЕШ-д нийт 40 420 шалгуулагч бүртгүүлжээ. Нийт шалгуулагчдын 27.951 нь математик, 25.028 нь нийгэм судлал, 24.794 нь англи хэл, 15.723 нь монгол хэл, 10.998 нь физик, хими, биологийн хичээлээр тус бүр 7700 гаруй хүүхэд, Монгол Улсын түүхээр 1695, газарзүйн хичээлээр 1235, орос хэлний хичээлээр 1150 хүүхэд тус тус шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.


Математикийн хичээлээр хамгийн их хүүхэд шалгалт өгөх бол орос хэл, газарзүйн хичээл хамгийн бага шалгуулагчтай байна.


Энэ удаагийн ЭЕШ цахим хичээлийн үр дүнг харуулна гэж мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь энэ жил ЭЕШ-д оролцогчдын 79 хувь нь буюу 31.782 нь ЕБС-ийн буюу 12-р ангийн сурагчид байна. Сурагчид 2 жил цахимаар хичээллэсэн учир тэдний амжилтаас цахим хичээлийн үр дүн тодорхойлогдоно гэж багш нар хэлж байна.

Ирэх сард дахин авах ЭЕШ-д КОВИД-19-ийн халдвартай байсан хүүхдүүд оролцоно. Өмнөх шалгалтад орж амжаагүй болон  хоцорсон зэрэг бусад шалтгаанаар орох боломжгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл, мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмид мэдээллээ.

Боловсролын үнэлгээний төв энэ сард коронавируст халдварын улмаас шалгалт өгч чадаагүй шалгуулагчдыг судалж, тэдний мэдээллийг ЭМЯ-наас авч дараагийн шалгалтад бүртгэх юм. Улмаар дараагийн шалгуулагчдад зориулсан шинэ даалгавар боловсруулах ажлын хэсгийг дахин томилно. 

Р.Батхишиг

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ