Х.Амаржаргал: Ходоод гэдэсний эмгэгээр хүүхдүүд их өвчилж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-10 18:02:00

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт ходоод гэдэсний эмгэг, улирлын чанартай амьсгалын замын дээд эмгэгээр өвдсөн хүүхдүүд зонхилон хэвтэн эмчлүүлж байна. Тус тасгийн ачаалал хэр байгаа. Коронавирусний халдвараас хүүхдүүдийг хэрхэн урьдчилан сэргийлэх талаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн мэдрэлийн их эмч Х.Амаржаргалтай уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу? Өнөөдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ачаалал хэр их байна вэ?

-Манай хүүхдийн тасгийг ковидын эмнэлэг болгож дэлгэсэн байгаа. Тиймээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёрдугаар давхарт хүүхдийн амбулаторийг түр нүүлгэж, коронавирусний халдвараас бусад өвчлөлөөр хүндэрсэн болон шаардлагатай эмчилгээтэй хүүхдүүдээ үзэж оношлон хэвтүүлэн эмчилж байгаа. Өнөөдрийн байдлаар амбулаторид 30 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ачаалал их байгаа. Эмч, сувилагчийн хүрэлцээ муу байна. Учир нь улаан бүсэд бусад хүүхдийн эмч нар маань 14 хоногоор ээлжлэн ажиллаж байгаа. Яг амбулаторид дараалал их. Хоёр эмч ээлжээр жижүүрлэн ажиллаж байна. Өдрөөр нэг сувилагч ажиллаж байгаа.

-Амбулаторид хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд ямар өвчнөөр хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Амбулаторид хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдал хөнгөн байгаа. Хүнд хүүхэд байхгүй. Эдгээр хүүхдүүд маань улирлын чанартай амьсгалын дээд замын эмгэг, зуны хатгаа их байна. Мөн ходоод гэдэсний эмгэг, ялангуяа халдварын шинжтэй суулгалт, гүйлгэлтээр их өвчилж байна. Түүнчлэн хүүхдийн харшил их байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дархлааг сайжруулах, ялангуяа нялх, нярай хүүхдүүдийг зөв асрах нь чухал байна.

-Дээрх өвлөлүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ? Илүү дэлгэрүүлж зөвлөхгүй юу?

-Халдвараар өвчлөх эрсдэлд хүүхдийн амьдарч буй орчин, бичил цаг уур, эрүүл мэндийн байдал, эцэг эх асран хамгаалагчийн эрүүл мэндийн боловсрол, анхаарал халамж чухал нөлөөтэй.

Ер нь суурь эмгэггүй, рахит, сульдаагүй хүүхдүүд ямар нэгэн халдвар, өвчлөлд өртөх нь бага байдаг. Халдвар авлаа гэхэд биеийн байдал нь хөнгөн, өвлөл хөнгөн явагдаад эдгэрэх нь түргэн байдаг. Манай эцэг эхчүүд хүүхдийн дархлааг сайжруулах гээд олон эм, тариа хэрэглэх болжээ. Олон эм тарианаас илүү хүүхдийг стрессгүй, хэт ачаалалгүй, тайван орчинд байлгах. Эрт унтуулах, хөхүүл хүүхдэд хөхөө сайн хөхүүлэх, хангалттай сайн хооллох, шингэн сайн уулгах, товлолын дагуу дархлаажуулалтад хамрагдах нь чухал юм. Мөн хөхний сүү бол хамгийн сайн дархлаажуулалт, амьд вакцин гэсэн үг юм шүү. Удахгүй сургууль, цэцэрлэг эхлэхтэй зэрэгцэн хүмүүсийн бөөгнөрөл бидний хүссэн, хүсээгүй бий болдог. Зөвхөн ханиад томуу ч биш, бохирын гаралтай гэдэсний халдварт өвчин мөн ихэсдэг.

Түүнээс гадна манай эцэг эхчүүд коронавирусний халдварын дэгдэлт их байгаа энэ үед хүүхдүүдээ дагуулж энд тэнд аялж зугаалах, айл хэсэх явдал их байна. Мөн гарын ариун цэврийг маш муу сахиж байна. Хүүхдийн гарын ариун цэврийг маш сайн сахих нь чухал байна. Түүнчлэн хүүхдүүддээ амны хаалтыг зөв хэрэглэхгүй байна. Энгийн амны хаалтыг хоёр цаг тутам сольдоггүй. Бараг хиртэж муудтал нь зүүлгэж байна. Эцэг эхчүүдийн анхаарал, халамж маш муу байна.

-Манай эцэг эхчүүд хүүхдүүдээ өвдлөө гэхэд хамгийн түрүүн антибиотик хэрэглэхийг урьтал болгодог. Ер нь антибиотикийн төрлийн эмийг яаж өгөх ёстой вэ?

-Дэлхий нийтээр антибиотикийн зохистой хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг чухалчилж байна. Тиймээс антибиотикийг эмчийн заалтаар шинжилгээ өгч, шинжилгээний хариуг үндэслэн эмчийн зөвлөсөн тунгаар өгөх нь зүйтэй. Хэрэв шинж тэмдэг нь мэдэгдэхгүй цус, шээсний шинжилгээ өгч, нян вирусээр үүсгэгдсэн эсэхийг тодорхойлуулж байж эмчилгээ хийнэ. Ер нь эм өгөх гэж яаралгүйгээр эмнэлэгт хандах ёстой. Эмч, эмнэлгийн ажилтан үзээд, антибиотик уух заалттай бол эмчилгээ бичиж өгнө. Эмийг заавал эмчийн хэлсэн зааврын дагуу насанд нь тохирсон зохих тунгаар нь, заасан хугацаанд нь зөв өгч байхыг хатуу анхаарах нь зүйтэй. Тав хоног уулгаарай гэхээр эцэг эхчүүд гурван хоног уулгаад, гайгүй болохоор нь больчихдог муу зуршилтай.

-Аялал, амралтын улиралд, ялангуяа эмч, эмнэлгээс хол газар байх үед хүүхдэд ямар нэгэн зовуурь илэрвэл ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хүүхдийн биед ямар нэг зовуурь илэрвэл эцэг эхчүүд сандарч, халуун буулгах эм өгөхийг эрмэлздэг. Хүүхдээ арчлах, сувилах талаар бодохоосоо өмнө юу болов, усанд оруулснаас болов уу, майханд унтаад даарав уу, эсвэл тэр манайд ирснээс болов уу гээд шалтгаан хайгаад эхэлдэг.

Хүн бүр хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй байхыг боддог. Гэхдээ ханиад, хамрын шуухинаа зэргийг эм тариагаар биш, асаргаа сувилгаагаар л эмчлэх нь зөв. Хүүхэд зөвхөн ээжтэйгээ, гэр бүлийнхэнтэйгээ хязгаарлагдмал орчинд байж байгаад шинэ орчинд орохоор вирустэй дасан зохицохгүй учраас ханиад хүрэхээс авхуулаад өөр өвчний шинж тэмдгүүд ч илэрдэг. Хүүхэд халуурвал шингэнийг аль болох их өгөх хэрэгтэй. Зуны цагт халуун наранд, хүүхэд их хөлөрч, их шээхээр маш их шингэн дутагддаг. Өвдсөн үед нь эрүүл байхаас нь илүү ахиухан, 300-500 мл шингэн өгч байх ёстой. Халуурсан хүүхэд сайн шээгээд хөлрөөд, хордлогод орохгүй, өвчнөө хүндрүүлэхгүй байх нь чухал юм. Халуурна гэдэг нь ямар нэг халдварын эсрэг, вирус нян, өвчний эсрэг хариу урвал үзүүлж байна гэсэн үг.  Удаан халууруулахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах нь зөв. Халуурах үед хамгийн түрүүнд антибиотик өгөн, халууныг хүчээр буулгавал шинж тэмдэг нь бүдгэрч, эдгэрэх хугацаа нь ч уртасдаг.

Тиймээс биеийн халууныг тодорхой хэмд буулгахын тулд эмийг эмчийн заалтаар насанд нь, жинд нь тооцож өгнө. Халуун нь хэдэн хэм хүрвэл ямар эм өгөх вэ гэдгийг мэддэг байх ёстой. Хүүхэд төрөхөөс өмнө ээжид, эрүүл мэндийн ажилтанд нь зориулж хөтөлдөг “Эх, хүүхдийн ягаан дэвтэр” байдаг. Эцэг эхчүүд ихэнх нь тэр дэвтрийг хөтлөх нь битгий хэл, сөхөж ч үздэггүй. Уг нь ягаан дэвтэрт хүүхэд төрснөөс хойш, хэдэн сартайдаа ямар жинтэй байх, ямар витамин уулгах, ямар хоол идэх, нэмэлт хоолонд юу өгөх, халуурвал, хамар нь битүүрвэл ямар арга хэмжээ авах гээд анхан шатны бүх зөвлөмжийг нарийн зааж, бичсэн байдаг. Тиймээс тэр дэвтрийг эцэг эхчүүд зориуд нэг сөхөөд, харж баймаар байгаа юм.

-Та суулгалт их байна гэлээ. Ер нь энэ төрлийн эмгэгийн үед эцэг эхчүүдэд юу гэж зөвлөх вэ?

-Хүүхэд хоногтоо гурав буюу түүнээс олон удаа бааж ямар нэгэн хольцтой, цусан судалтай, цусархаг, үнэртэй эмгэг суулгаж байгааг суулгалт гэнэ. Суулгалт вирус, нян, микро шимэгч, бохир гараар үүсгэгддэг өвчин. Тиймээс аль болох шингэн алдуулахгүй, хордлогыг гүнзгийрүүлэхгүй байх нь чухал. Баасыг нь ажиглан ямар өнгөтэй байна, бөөлжиж байна уу гээд бусад үзүүлэлтийг харах хэрэгтэй. Вирусийн гаралтай суулгалт бол ямар нэгэн антибиотик шаардлагагүй. Шингэн алдуулахгүй байх л чухал. Манай эцэг эхчүүд хүүхдэдээ шингэн юм өгөхгүй, дусал хийлгэхээр зүгээр болчих мэт боддог. Баасыг хурдан зогсоох эм шаарддаг. Вирус, нян ямар ч үүсгэгч байсан хугацаа хэрэгтэй. Хоёрдогч халдвараар хүндрээгүй л бол 5-7-9 хоногийн дараа хэвийн болох учиртай. Тиймээс хүүхдэд хөхийг нь сайн хөхүүлж, өөрийнх нь уудаг шингэнүүд, эсвэл шингэн сэлбэх давсны уусмал өгнө. 50 мл, 100-200-гаар найруулдаг учраас тэр хэмжээгээр нь уулгана.

Угжих биш, бага багаар балгаар нь уулгаж, шимүүлээд өгөх хэрэгтэй. Ер нь суулгалт, халууралтын үед шингэнийг хэрхэн уулгах зөвлөмжийг ягаан дэвтэрт тодорхой бичсэн байдаг. Тэр дэвтрийг байнга л эргүүлж харж байгаарай гэж дахин хэлье. Шингэн бааж байгаа хүүхдэд 100-150 мл шингэнийг баах бүрийн дараа уулгаж байх ёстой. Шингэн юм сайн уугаад, сайн шээж, баагаад байвал энэ вирус биеэс хурдан гарна. Ус ууж ходоод гэдэсний замыг нь угааж байгаа шүү дээ. Тэгэхээр хурдан л эдгэнэ гэсэн үг.

-Манай аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол өдөр бүр нэмэгдэж буй. Хүүхдүүд хэр их өвчилж байна вэ? Эцэг эхчүүд юуг анхаарах вэ?

-Өнөөдөр аймгийн хэмжээнд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 2200 гаруй болчихлоо. Өдөр бүр батлагдсан халдварын тохиолдол нэмэгдэж байна. Эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдын хүрэлцээ хангамж муу байна. Эмнэлэг эрсдэлтэй орчин болоод байгаа. Тиймээс эцэг эхчүүд маань хүүхдүүдээ энэ халдвараас хамгаалахын тулд халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдмөөр байна. Би дээр хэлсэн. Эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явж байна. Өөр аймаг, сум, бүс рүү аялж зугаалах, айлд зочлох гээд хүүхдүүддээ эрсдэлд оруулж байна. Амны хаалтын хэрэглээ маш муу. Гарын ариун цэврийг сахих асуудал маш муу байна. Өнөөдөр коронавирусний халдвараар өвчилсөн 40 гаруй хүүхэд ковидын дэлгэсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Маш их эрсдэлтэй үед хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа сайжруулмаар байна. Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн байгууллагаас, мэргэжлийн эмчээс авах нь чухал байна. Коронавирусний халдвар авахгүйн тулд хувь хүний өөрийн хандлага маш чухал. Заавал эмч, эмнэлгийг буруутгахаас илүү хүн өөрөө дэглэмээ сайн барьж, халдваргүйтгэлийг хийдэг бол өвдөхгүй байж болно. Хүүхдийнхээ хамар, амыг цэвэрлэхээ дадал болгох. Эрүүл мэндийн боловсрол, мэдлэгтэй болох, хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хүмүүс хүн ханиалгавал бүгд сэрдхийж, эргэж хардаг болсон байна. Таны хүүхэд ханиад хүрсэн бол сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байх хэрэгтэй байна. Өмнө нь өвчтэй хүүхдэдээ эмийг нь өгөөд л явуулдаг, бусад хүүхдийг боддоггүй байлаа. Тиймээс эрүүл ахуйн талдаа анхаарч, Эрүүл мэндийн яамнаас гаргасан журмын дагуу ариутгал, халдваргүйтгэлийг сайн хийх нь чухал байна. Мөн олон нитийн газраар онцын шаардлагагүй бол ялангуяа бага насны хүүхдүүдийг дагуулж явмааргүй байна.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ