Wall Street Journal: Монголын зэсийн уурхайн зардал хэтрэхэд “Rio Tinto”-гийн буруу менежмент нөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-08-10 13:28:36

ВАШИНГТОН. /The Wall Street Journal/. Монгол Улс дахь Оюу толгой далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллароор хэтрэхэд “Rio Tinto” компанийн мэдэгдсэнчлэн геологийн таагүй нөхцөл бус буруу менежмент нөлөөлсөн гэдгийг шинжээчдийн бүлэг тогтоожээ.


The Wall Street Journal” сонины нягталсан нийт 157 хуудас бүхий тайланг Оюу толгой уурхайн эзэмшигчид болох “Turquoise Hill Resources” компани, Монголын төрийн өмчит компани далд уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсон, зардал хэтэрсэн шалтгааныг тогтоохын тулд гаргуулжээ. Үүнээс гадна АНУ-ын Үнэт цаас, валютын хороо /SEC/ болон Их Британийн хууль сахиулагчид “Turquoise Hill” компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг “Rio Tinto” Оюу толгойн далд уурхайтай холбоотой асуудлуудын талаар хөрөнгө оруулагчдад эрт дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй байсан эсэх талаар судалж байгааг уг мэдээлэлд ойр эх сурвалж мэдээлжээ.


Энэхүү дүгнэлт тайланд дурдсанаар, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хэсэгт ажиллах таатай уур амьсгал бүрдээгүй нь багуудын хоорондын уялдаа холбоонд сөргөөр нөлөөлжээ. Тодруулбал, "хүмүүс нэг хэсэгт гарсан алдаанд бусдыгаа буруутгаж байсан” хэмээн бичсэн байна.


Rio Tinto” уурхайтай холбоотой асуудлуудыг газар, геотехникийн нөхцөл байдал урьдчилан таамаглаж байснаас хүнд байсантай холбон тайлбарласан бол тайланд уг тайлбарыг үгүйсгэжээ. Дүгнэлтийг хийсэн “Хөндлөнгийн зөвлөхүүдийн бүлэг”-ийн мэдээлснээр, хөрсний чулуулгийн чанар, газрын ерөнхий нөхцөл нь 2016 онд уурхайн эзэмшигчдийн гаргасан урьдчилсан таамаглалаас ихээхэн өөр байсан гэх нотолгоог олоогүй байна. Харин ч зарим тохиолдолд чулуулгийн чанар илүү сайн байжээ.


Оюу толгойн үйл ажиллагаа нь өмчлөлийн нарийн төвөгтэй бүтэцтэй. Тодруулбал, “Rio Tinto” компани нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill” компанийн 50.8 хувийн хувьцаагаараа дамжуулан уурхайн үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд “Turquoise Hill” нь “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг. Харин үлдсэнийг нь Монголын Засгийн газар эзэмшдэг юм.


Rio Tinto”-гийн хувьд, дүгнэлтийг нарийвчлан судалсныхаа дараа “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй хамтран ажиллахыг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн байна.


“Бид дэлхийн хамгийн том, орчин үеийн уурхайн дэд бүтцийн нэгийг говь цөлд байгуулахын төлөө өнөөдрийг хүртэл гүйцэтгэсэн ажлуудаараа бахархаж байгаa. Бид бүгд далд уурхайн бүтээн байгуулалтыг ахиулж, дуусгахыг зорьж байгаа тул төслийн түншүүдтэйгээ үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжийг сайшаан хүлээн авч байна” гэж “Rio Tinto”-гийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.


Мөн “Turquoise Hill”-ийн хэвлэлийн төлөөлөгч, манай компани дүгнэлт гаргах ажил дууссан гэдгийг мэдэж байгаа бөгөөд нягталж үзсэнийхээ дараа шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэнэ гэж мэдэгдсэн байна.



Цахилгаан автомашин болон сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү хэрэглэгдэж байгаа зэс нь чулуужсан түлшнээс татгалзах эрчим хүчний шилжилтэд голлох үүрэг гүйцэтгэх тул уг металлын эрэлт нь нийлүүлэлтээсээ үлэмж хэмжээгээр давна хэмээн шинжээчид таамаглаж байгаа энэ үед Оюу толгой нь дэлхийн зэсийн хамгийн том уурхайнуудын нэг болох төлөвтэй байгаа юм.


Rio Tinto” болон түүний түншүүд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 2016 онд 5.3 тэрбум ам.доллароор анх төсөвлөж, 2020 оноос олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөсөн билээ.


Гэвч 2019 оны дундуур “Rio Tinto” уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж, зардал нь нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулсан. Ийнхүү өнгөрсөн оны 12 дугаар сард бүтээн байгуулалтын зардал 6.75 тэрбум ам.долларт хүрч, олборлолт нь 2022 оны 10 дугаар сараас нааш эхлэхгүй гэдгийг мэдэгдсэн юм.


Үүнтэй холбогдуулан “Оюу толгой” ХХК Монголын Засгийн газрын хувьцааг хариуцдаг төрийн өмчит компани болон “Turquoise Hill”-ийн гишүүдийн бүрэлдэхүүн бүхий тусгай хороог байгуулжээ. Эдгээр компанийн аль аль нь “Rio Tinto”-той зэсийн төслийн талаар маргаантай байгаа юм.


“Хөндлөнгийн зөвлөхүүдийн бүлэг”-ийн дүгнэлтэд дурдсанаар, далд уурхайд ажиллаж буй багууд газар, геотехник, цаг уурын хүнд нөхцөлийг зохицуулах хангалттай туршлагагүй байжээ. Түүнчлэн энэхүү төсөлтэй холбоотой сорилтуудыг даван туулахад шаардлагатай ур чадвар, уялдаа холбоо төслийн багийн дунд бий болсон гэж үзэхгүй байгааг тайланд дурдсан байна.


Мөн энэхүү дүгнэлтийг өөр хоёр зөвлөхөөр нарийвчлан хянуулахад үр дүнтэй нь санал нэгджээ.


Хэдийгээр тайланд удирдлагууд бүтээн байгуулалт хойшлох талаар хэзээ мэдсэн, мөн “Rio Tinto”-гийн өндөр албан тушаалтнууд эрт мэдсэн эсэх талаар дурдаагүй боловч асуудлууд эхний зургаан сарын дотор үүсэж, түүнээс цааш нөхцөл байдал улам хүндэрсэн хэмээн бичжээ.


“Төслийн үйл явц хойшилж, анхны хуваариасаа хэтрэх нь газар дээр нь ажиллаж байсан ихэнх хүнд ойлгомжтой байсан. Иймээс удирдлагуудын хувьд эдгээр асуудлын талаар мэдээгүй байсан гэдгийг төсөөлөхөд бэрх юм” гэж тайланд мөн дурдсан байна.


Мөн төслийн баг халаах байгууламж, ажилтнуудын сургалт зэрэгтэй холбоотой зардлуудыг дутуу тооцоолсон хэмээн бичжээ.


“АНУ-ын Үнэт цаас, валютын хороо “Rio Tinto” Оюу толгойтой холбоотой асуудлын талаар цаг тухайд нь мэдээлсэн эсэхийг өнгөрсөн оны тавдугаар сарын эхэн үеэс судалж эхэлсэн бөгөөд холбогдох хүмүүстэй үргэлжлүүлэн холбоотой ажиллаж байна” гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж мэдээлжээ. “Rio Tinto” нь Нью-Йоркт бүртгэлтэй хадгаламжийн бичгүүдтэй юм.


Үнэт цаас, валютын хороо болон Их Британийн Санхүүгийн зохицуулалтын газар /FCA/ мөн Монголын үнэт цаасны зохицуулах байгууллагатай холбоо тогтоосон гэдгийг Монголын Засгийн газрын төлөөлөгч мэдээлжээ.


Энэ талаар Үнэт цаас, валютын хорооноос цахим шуудангаар тодруулга хүсэхэд хариу илгээсэнгүй. Мөн Санхүүгийн зохицуулалтын газраас хариулт өгөөгүй байна.


Үүний зэрэгцээ цагаан захтнуудтай холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгадаг Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх газар /SFO/ уг төслийг өнгөрсөн оноос шалгаж эхэлсэн гэдгийг уг мэдээлэлд ойр эх сурвалж мэдээлжээ. Ийнхүү тус байгууллагаас тодруулга хүсэхэд мөн хариу өгөөгүй байна.


Мөн “Rio Tinto”-гийн хувьд, аливаа захиргааны байгууллагын мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудлаар тодруулга өгөхөөс татгалзжээ.

Холбоотой мэдээ