Беларусийн тамирчин Европын орнуудаас орогнол хүсэх бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
anudaritsagaan@gmail.com
2021-08-02 18:48:59

ТОКИО. /BBC/. Токиогийн Олимпын наадмыг орхин эх орон руугаа буцах албан шахалтыг биелүүлэхээс татгалзсан Беларусийн гүйлтийн тамирчин бүсгүй өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ аюулгүй байдалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.


Тодруулбал, Беларусийн тамирчин Кристина Тимановская өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтийн тэмцээнд өрсөлдөх ёстой байсан ч дасгалжуулагч нь түүнийг өөр төрөлд буюу 4х400 буухиа уралдаанд ямар ч бэлтгэлгүй оруулсан тухай богино мэдэгдлийг нийгмийн сүлжээгээр дамжуулан хийсэн байна.


Дүрс бичлэгийнхээ үеэр тамирчин бүсгүй, багийн удирдагуудаас түүнд "дарамт шахалт үзүүлсэн" хэмээгээд, Олон улсын олимпын хорооноос /ОУОХ/ тусламж хүсэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр, "Тэд намайг Японоос хүчээр гаргахыг оролдож байна" гэж Беларусийн Спортын эв нэгдлийн сангийн /BSSF/ "Telegram" сувагт нийтэлсэн бичлэгтээ дурдсан байна. 


Мөн улсынхаа дасгалжуулагчдын хайхрамжгүй байдлын талаар "Instagram" хуудсандаа ярьсан учраас багаасаа хасагдсан хэмээн ярьжээ. Түүний хэлснээр, багийн удирдлагууд өрөөнд нь орж ирээд ачаагаа баглах нэг цагийн хугацаа өгч, өөрийнх нь хүсэл зоригийг үл тоомсорлон Токио хотын нисэх онгоцны буудал руу авч явжээ.


Өдгөө 24 настай залуу тамирчин бүсгүй нисэх онгоцонд суухгүйн тулд хүлээлгийн танхимд цагдаагийн ажилтнуудаас тусламж хүссэн бөгөөд одоо цагдаа нартай хамт байгаа учраас өөрийгөө аюулгүй гэж бодож байна хэмээн хэлжээ.


Үүнтэй холбогдуулан ОУОХ Беларусийн холбогдох албаны хүмүүсээс тодруулга авахыг хүсэж байгаагаа мэдэгджээ. Тус улсын Олимпын хорооноос өмнө нь, "Дасгалжуулагчид К.Тимановскаягийн "сэтгэл хөдлөл, сэтгэлзүйн байдлаас" нь болж тэмцээнээс хасах шийдвэр гаргасан" гэж мэдэгдсэн байна. 


Мөн ОУОХ үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан К.Тимановскаятай холбоо тогтооход "өөрийгөө аюулгүй байгаагаа хэлсэн” гэдгийг уламжилжээ. "К.Тимановская нисэх онгоцонд суугаагүй. Тэр одоо "цагдаагийн хамгаалалтад аюулгүй байгаа" гэж Спортын эв нэгдлийн сангийн төлөөлөгч Анатоль Котау "ВВС" телевизэд мэдээлжээ.


К.Тимановская "European Radio for Belarus" радиод ярилцлага өгөх үеэрээ, эх орондоо буцаж очихоос айж байгаагаа ярьжээ. Түүний бичлэг олон нийтэд хүрсний дараа тамирчин бүсгүйг Беларусийн төрийн өмчийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжилснээс гадна нэгэн телевизийн суваг түүнд "багаа гэх сэтгэл” байхгүй хэмээн мэдээлсэн байна. 


Тамирчин К.Тимановскаягийн хувьд Европын орнуудаас орогнол хүсэх бодолтой байгаагаа илэрхийлээд байгаа ба түүний нөхцөл байдлыг харгалзан Чех, Польш зэрэг Европын хэд хэдэн орон виз олгож, хамгаалалтад авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.


Гэвч тамирчин бүсгүйн одоогийн нөхцөл байдлын талаар 
А.Котау "BBC"-д өгсөн ярилцлагадаа, “Тэрбээр гэр бүлийн гишүүдийнхээ аюулгүй байдалд "санаа зовниж, айсан” хэвээр байна. Беларусь дахь гэр бүлийнхэн нь шахалтад орох вий гэдэгт тэрбээр хамгийн их санаа зовниж байгаа" хэмээн хэлсэн байна. 


Ташрамд дурдахад, Спортын эв нэгдлийн сан нь өнгөрсөн оны наймдугаар сард байгуулагдсан бөгөөд 2020 онд болсон маргаан дагуулсан ерөнхийлөгчийн сонгуулиар улиран сонгогдсон Ерөнхийлөгч Александр Лукашенког эсэргүүцсэн жагсаалын үеэр тамирчдыг дэмжих зорилгоор байгуулагджээ. 

Холбоотой мэдээ