Э.Цэндбаатар Оросын боксчинд тун эргэлзээтэй ялагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-01 18:23:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр /2021.08.01/ “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг жингийн шөвгийн найман тамирчны тоглолт "Кокүгикан" ордонд болж, гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Оросын тамирчин Алберт Батыргазиевт 3:2-оор хожигдлоо.


Энэ тулааны эхний үед Оросын тамирчныг Э.Цэндбаатар 5:0-ээр илүүрхэн ялсан. Дараагийн үед ч илүү олон оновтой цохилт хийж 3:2-оор өрсөлдөгчөө хожсон юм.


Харин 3 дугаар раунд хоёулаа нэлээд цуцсан байсан бөгөөд манай боксчны цохилтын тоо цөөрсөн, харин А.Батыргазиев идэвх гаргаж хариу оновчтой цохисон.


Энэ үед рингийн шүүгч цохилт орсон /нокдаун/ гэж Э.Цэндбаатарыг тоолсноор Оросын талд давуу байдлыг үүсгэн, 5 шүүгчийн төгсгөлийн дүнд нөлөөлж, манай боксчин харамсалтай ялагдлаа.


Монголын боксчин Э.Цэндбаатар олимпын наадмын медалийн төлөөх тоглолтод ийнхүү Оросын Алберт Батыргазиевт 3:2-оор тун эргэлзээтэй ялагдал хүлээлээ.


Харин Монголын баг зөвлөлдөж, тулааны шүүлтийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн, албан ёсоор гомдол гаргасан байна.


Олимпын медаль авахад тун ойрхон байсан хэдий ч оросууд манай тамирчныг маш сайн судалж, тусгай тактик /булхай/ боловсруулсан болох нь сүүлийн үе /3-р раунд/-ийн тоглолт нотолсон юм.   


Холбоотой мэдээ